2026 он дуусаагүй байгаа ч Riot Games компани VCT 2027 нээлттэй сонгон шалгаруулалтын (Open Qualifier) системийн анхны мэдээллийг дэлгэлээ. Ингэснээр түнш бус багууд VALORANT-ийн хамгийн дээд түвшний өрсөлдөөнд оролцох тодорхой бүтэцтэй замнал анх удаа нээгдэж байна.

Тус сонгон шалгаруулалт ирэх арваннэгдүгээр сард эхлэх бөгөөд нийт 16 бүс нутгийг хамарч, мөнгөн шагнал болон эрхийн төлөө явагдах юм. Нээлттэй шатнаас шалгарсан багууд бүсийн лиг бүрийн Kickoff тэмцээнд өрсөлдөх дөрвөн эрхийн төлөө хүч үзнэ.

Лигийн бүтцийн хувьд 2027 оноос эхлэн томоохон өөрчлөлт орж байна. Тухайлбал, Americas, EMEA, болон Pacific лигүүдийн Kickoff шатанд тус бүр 12 баг өрсөлдөх аж. Үүнд түншлэлийн гэрээтэй найман байгууллага болон нээлттэй сонгон шалгаруулалтаас эрхээ авсан дөрвөн баг багтана. Энэ нь 2023 оноос хойш хэрэгжиж ирсэн бүрэн хаалттай загвараас эрс ялгаатай шинэчлэл болж байна.