Дэлхийн хөгжмийн салбарын томоохон төлөөлөгч Warner Music Group (WMG) 2026 оны зургаадугаар сарын 30-нд дууссан улирлын санхүүгийн урьдчилсан тайлангаа танилцууллаа. Тус компанийн улирлын орлого 10 хувиар өсөж, 1.9 тэрбум орчим ам.долларт хүрсэн байна.
Санхүүгийн энэхүү үзүүлэлт нь голчлон дижитал орлогын өсөлттэй холбоотой аж. Тодруулбал, дуу хөгжмийн стриминг үйлчилгээний орлого 12 хувиар өсөж, 1 тэрбум гаруй ам.долларт хүрсэн бол хөгжмийн хэвлэлийн салбарын орлого 12 хувиар нэмэгдэж 377 сая ам.доллар болжээ. Мөн компанийн үйл ажиллагааны орлого 80 хувиар өсөж, 305 сая ам.доллар болсон нь бүтцийн өөрчлөлтийн үр дүнд гарсан хэмнэлттэй холбоотой хэмээн тайлбарлав.
Энэхүү санхүүгийн мэдээлэл гарахаас өмнөхөн компанийн удирдлагын түвшинд томоохон өөрчлөлтүүд болсон байна. Тодруулбал, санхүү хариуцсан захирал (CFO) бөгөөд үйл ажиллагаа хариуцсан захирал (COO) Армин Зерза албан тушаалаасаа нэн даруй чөлөөлөгдсөн аж. Түүний оронд Луис Диклер санхүү хариуцсан захирлын үүрэг гүйцэтгэгчээр, Том Корсон үйл ажиллагаа хариуцсан захирлаар тус тус томилогджээ.
Warner Music Group нь санхүүгийн бүтэн тайлангаа наймдугаар сарын 5-ны лхагва гарагт албан ёсоор зарлаж, Нью-Йорк хотноо цахим хурлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна. Даваа гарагийн өглөөний байдлаар тус компанийн хувьцааны ханш 0.67 хувиар өсөж, 26.14 ам.доллар болсон байна.