Швейцарын Цүг хотод байрлалтай крипто бирж WhiteBIT платформдоо биткойны хоёрдугаар түвшний шийдэл болох Lightning Network сүлжээг нэвтрүүлснээ зарлалаа. Уг шийдлийг биткойны дэд бүтэц нийлүүлэгч Voltage компани дэмжин ажиллаж байгаа бөгөөд хэрэглэгчид одоо QR код эсвэл төлбөрийн мэдээллээр дамжуулан биткойны орлого, зарлагыг тус сүлжээгээр гүйцэтгэх боломжтой болж байна.
WhiteBIT-ийн мэдээлснээр Lightning сүлжээгээр орлого хийхэд 0.25 хувийн шимтгэлтэй, харин зарлага гаргахад 0.15 хувийн шимтгэлтэй байх аж.
Хурд болон нууцлалын давуу тал
CoinGecko-ийн мэдээллээр гүйлгээний хэмжээгээрээ 17-д эрэмбэлэгддэг WhiteBIT-ийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Володимир Носов "WhiteBIT-ийн зорилго бол хэрэглэхэд хялбар шийдлүүдийг хүргэх замаар блокчэйн технологийг хүртээмжтэй болгох явдал юм. Lightning сүлжээг нэмснээр хэрэглэгчдэд дансаа цэнэглэх, мөнгө илгээх, хүлээн авах зэрэг бодит амьдралын урсгалд биткойныг илүү хурдан бөгөөд үр ашигтай ашиглах боломжийг олгож байна" гэжээ.
2018 онд гарсан Lightning Network нь анх цайны мөнгө өгөх эсвэл аяга кофе худалдаж авах зэрэг бага дүнтэй гүйлгээнд зориулагдаж байв. Энэхүү сүлжээ нь биткойны үндсэн сүлжээнээс гадуур (off-chain) төлбөрийг гүйцэтгэдэг тул нийтийн блокчэйнд бүртгэгддэггүй, улмаар хувийн нууцлалыг илүү хангаж, мөшгихөд хэцүү болгодог байна.
Сүүлийн жилүүдэд Coinbase, Kraken зэрэг томоохон биржүүд уг шийдлийг нэвтрүүлээд байсан бөгөөд шилжүүлэг хийхэд маш хямд, хурдан байдаг тул биржүүд өргөнөөр ашиглаж, энэ онд Lightning сүлжээний гүйлгээний хэмжээ огцом өсжээ.