Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн лиг (WNBA)-ийн шигшээ цувралын зургаа дахь тоглолтод Атланта Дрийм баг Голден Стэйт Валкирис-ийг 80-69 харьцаагаар буулган авснаар цувралын харьцааг 3-3 болгож тэнцүүллээ. Ингэснээр аваргын цомын эзэн шийдвэрлэх долдугаар тоглолтоор тодрохоор болов.

Цувралыг 3-2 харьцаагаар тэргүүлж байсан Валкирис багийн хувьд энэ тоглолт тааруу эхэлсэн юм. Дрийм баг тоглолтын эхний үед л 32 оноо авсан бол Валкирис ердөө 15 оноо авчээ. Эхний хагас дуусахад Дрийм 46 оноо цуглуулаад байв. Тус баг эхний үед довтолгоогоо 15-аас 11, холын зайн шидэлтээ 8-аас 6 амжилттай болгосон нь тоглолтын хувь заяанд хүчтэй нөлөөлжээ.

Валкирис багийн хамгаалагч Вероника Бёртон тоглолтын дараа сэтгүүлчдэд ярихдаа "Тэд эхний үед 32 оноо авсан. Энэ нь бидний хувьд байж боломгүй зүйл. Бид хамгаалалтаа илүү сайн хийх ёстой байсан. Эхнээсээ л хариуцлагатай, шийдэмгий байх хэрэгтэй. Энэ бол WNBA-ын шигшээ тоглолт" хэмээн өгүүлжээ. Бёртон тус тоглолтод 13 довтолгооныхоо 2-ыг оновчтой болгож, 8 оноо, 6 самбар, 4 дамжуулалт хийсэн бөгөөд гуравдугаар үед Райн Ховардын нүүрэнд хүрсэн шалтгаанаар бүдүүлэг алдаа (flagrant foul) авсан юм.

Хэдийгээр Валкирис тоглолтын хоёрдугаар хагаст эсрэг багаа 21-17, 22-17 харьцаагаар илүүрхсэн ч эхний үеийн зөрүүг нөхөж чадаагүй байна. 2025 оны WNBA-ын шилдэг дасгалжуулагч Натали Накасэ багийнхаа тааруу эхлэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, багийн тоглолтыг дахин нягталж, тоглогчдоо сэтгэл зүй болон бие бялдрын хувьд бэлдэх шаардлагатай байгааг онцолжээ.