Эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны (WNBA) плей-оффын шат тун удахгүй буюу ирэх сард эхлэхээр товлогдоод буй. Гэвч тус лигийн зүгээс удахгүй болох Олон улсын сагсан бөмбөгийн холбооны (FIBA) эмэгтэйчүүдийн ДАШТ-д зориулан хуваарьтаа түр завсарлага авахаар болжээ. Лигийн тоглолтууд наймдугаар сарын 30-нд түр өндөрлөж, есдүгээр сарын 16-наас эргэн үргэлжлэх юм.

ХБНГУ-ын Берлин хотод зохион байгуулагдах тус тэмцээнд нийт 16 улсын шигшээ баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Хэсэг тус бүрийг тэргүүлсэн багууд шууд шөвгийн наймд шалгарах бол хоёр, гуравдугаар байрт орсон багууд дараагийн шатны эрхийн төлөө хоорондоо тоглоно. Харин хэсгийн сүүлийн байрт орсон баг тэмцээнээ дуусгах дүрэмтэй байна.

АНУ-ын шигшээ баг аваргаа хамгаалахаар өрсөлдөнө

Түүхэндээ тус тэмцээнд 11 удаа түрүүлж, сүүлийн дөрвөн ДАШТ-д дараалан алтан медаль хүртээд буй АНУ-ын шигшээ баг энэ удаа ч аваргаа хамгаалах гол фаворитоор нэрлэгдэж байна. Тэд D хэсэгт багтсан бөгөөд есдүгээр сарын 4-нд БНХАУ, есдүгээр сарын 6-нд Итали, есдүгээр сарын 7-нд Чехийн багтай тус тус тоглох хуваарьтай.

АНУ-ын ерөнхий дасгалжуулагч Кара Лоусоны удирдлага дор Кейтлин Кларк, Эйжа Уилсон, Брианна Стюарт, Пэйж Бюкерс, Элиа Бостон, Анжел Риз тэргүүтэй 12 тамирчин багтжээ. Бүрэлдэхүүнд багтсан Эйжа Уилсон ДАШТ-ий хошой алтан медальтай төдийгүй 2022 оны тэмцээний үнэ цэнтэй тоглогч (MVP) болж байсан бол Брианна Стюарт гурван алтан медальтай, 2018 оны MVP шагналтай юм.