Цахим ном уншигч төхөөрөмж үйлдвэрлэдэг Xteink брэнд Android 11 үйлдлийн системтэй шинэ загвар гаргахаар ажиллаж буй талаар Good E-reader мэдээлжээ. Тус брэндийн шинэ Xteink S4 загварын сурталчилгаа RedNote платформын хэрэглэгчдийн хаягаар цацагдаж эхэлсэн нь олон нийтийн анхаарлыг татсан байна.

Өмнө нь Xteink-ийн төхөөрөмжүүд тусгай Linux систем дээр ажилладаг байсан тул зөвхөн DRM-хамгаалалтгүй EPUB файлуудыг унших боломжтой, файлын сонголт хязгаарлагдмал байсан юм. Харин Android системтэй болсноор хэрэглэгчид Kindle болон Kobo-ийн аппликэйшнүүдийг татаж суулган номоо унших, Wi-Fi холболтоор дамжуулан уншилтын явцаа бусад төхөөрөмжтэйгөө синк хийх боломж бүрдэж байна.

Техникийн үзүүлэлтийн хувьд Xteink S4 нь өмнөх X4 загвартайгаа төстэй бөгөөд 4.3 инчийн E Ink мэдрэгчтэй дэлгэц (220 ppi нягтралтай), 2GB шуурхай санах ой (RAM) болон 32GB SSD багтаамжтай. Түүнчлэн хүйтэн, дулаан өнгийг нь тохируулж болдог урд гэрэлтэй болсон төдийгүй X4 Pro-д байсан pogo pin оролтыг USB-C оролтоор сольсон байна.

Одоогоор уг төхөөрөмжийг БНХАУ-д ойролцоогоор 50 ам.долларын үнэтэйгээр урьдчилсан захиалга авч эхлээд байна. Xteink-ийн төлөөлөгчийн баталснаар S4 загвар одоогоор туршилтын шатандаа яваа бөгөөд цаашид АНУ зэрэг олон улсын зах зээлд албан ёсоор худалдаанд гарах ажээ.