Дэлхийн технологийн аварга Амазон (Amazon) компани Alexa дуут туслахынхаа хүрээг өргөжүүлж, Uber Eats болон Grubhub зэрэг хоол хүргэлтийн үйлчилгээг шууд захиалах боломжийг нэмлээ. Энэхүү шинэчлэл нь Alexa+ хэрэглэгчдэд зориулагдсан бөгөөд хэрэглэгчид дуут командаар хоолоо сонгож, захиалгаа өөрчлөх боломжтой болж байна.

Өмнө нь Alexa-аар хоол захиалах боломж хязгаарлагдмал байсан бол одоо хэрэглэгчид дуут командаар хоолны цэс үзэх, нэмэлт бүтээгдэхүүн сонгох, захиалгаа шууд өөрчлөх зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой болсноороо онцлог юм. Энэ нь ялангуяа завгүй амьдралтай хүмүүст маш тохиромжтой бөгөөд хоол захиалах цагийг хэмнэхэд тусална.

Амазон компанийн зүгээс энэхүү шинэ боломж нь хэрэглэгчдийн амьдралыг хөнгөвчлөх, тэдэнд илүү хялбар бөгөөд шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилготой гэдгийг онцолж байна. Мөн цаашид Alexa-гийн боломжуудыг улам өргөжүүлж, хэрэглэгчдэд зориулсан олон шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Хэдийгээр энэхүү үйлчилгээ нь одоогоор Монголд нэвтрээгүй байгаа ч дэлхийн технологийн чиг хандлага ийнхүү хурдацтай өөрчлөгдөж байгаа нь Монголын технологийн компаниудад ч бас шинэ боломжуудыг эрэлхийлэхэд түлхэц үзүүлэх биз ээ.