YouTube платформ бүтээгчдэд хиймэл оюун ухааныг (AI) ашиглах боломжийг олгож ирсэн ч сүүлийн үед энэхүү технологиор олноор үйлдвэрлэж буй чанаргүй контентуудад хязгаарлалт тогтоохоор боллоо. Тус компанийн "Inside YouTube" подкастын сүүлийн дугаарт оролцсон Төсөл хариуцсан дэд ерөнхийлөгч Мэтт Халприн ямар төрлийн контентууд мөнгө олох эрхгүй болохыг тодорхой тайлбарласан байна.
Мөнгөжүүлэх эрхээ алдах 3 төрлийн контент
YouTube-ийн зүгээс дараах гурван төрлийн контентыг мөнгө олох боломжгүй гэж үзэж байна:
Нэгдүгээрт, давтагдсан шинжтэй, агуулга багатай видеонууд. Үүнд хиймэл оюун ухаанаар үүсгэсэн, зөвхөн нэр эсвэл зураг нь өөрчлөгддөг ижил төстэй түүхүүд, мөн мэдээлэл шинэчлэлгүйгээр дахин боловсруулсан слайд шоу, текстэн видеонууд багтаж байна. Бүтээгч бүр шинэ санаа гаргах албагүй ч, видео бүр нь шинэ түүх, сургамж эсвэл тайлбарыг агуулсан байх ёстой.
Хоёрдугаарт, сэтгэл санааг үймүүлсэн эсвэл хуурамч контентууд. Жишээлбэл, амьтдыг аюултай нөхцөлд оруулж, дараа нь аварч буй мэтээр харуулсан видеонууд, хүчирхийллийн шинжтэй эсвэл хиймэл оюун ухаанаар алдартай хүмүүсийг нас барсан мэтээр хуурамчаар дүрсэлсэн контентууд багтана. Хэрэв эдгээр дүрслэл нь ямар нэгэн түүхийг өгүүлэхээс илүүтэйгээр зөвхөн хандалт авах зорилготой байвал мөнгө олох боломжгүй болно.
Гуравдугаарт, хуурамч шинжээчдийн контент. Хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн дүрүүд эрүүл мэнд, санхүү, хууль эрх зүй, улс төрийн салбарт мэргэжилтний дүрээр зөвлөгөө өгөхийг хориглож байна. Жишээлбэл, хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн "эмч" онош тавих эсвэл "санхүүгийн зөвлөх" хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж болзошгүй гэж үзжээ.
YouTube-ийн зүгээс хиймэл оюун ухааныг бүр мөсөн хориглох тухай яриагүй бөгөөд зөвхөн чанаргүй, хэрэглэгчийг хууран мэхэлсэн эсвэл давтагдсан шинжтэй контентуудыг хязгаарлах бодлого баримталж байна.