HUD болзооны аппликэйшн болон бэлгийн таашаалын хэрэгсэл үйлдвэрлэгч Girls Get Off компани хамтран дэлхийн 63 орны 2100 гаруй оролцогчийг хамарсан «Pleasure Census» нэртэй судалгааг явуулжээ. Судалгаанд оролцогчдын 68 хувь нь эмэгтэйчүүд байгаа тул энэ нь үндэсний хэмжээний төлөөлөл болохгүй ч орчин үеийн залуусын бэлгийн амьдрал болон хүсэл сонирхлын талаарх сонирхолтой дүр зургийг харуулж байна.
«Жүжиглэлт» ба биеийн галбир
Судалгааны үр дүнгээс харахад Z үеийнхний 54 хувь нь ганцаарчилсан таашаал авах үедээ өөрийгөө «жүжиглэж» байгаа мэт мэдрэмж төрдөг гэжээ. Энэ үзүүлэлт нийт оролцогчдын дунд 70 хувьд хүрдэг бөгөөд нэмэлтээр 15 хувь нь үүнийгээ сайн мэдэхгүй эсвэл тодорхойгүй гэж хариулсан байна. Сэтгэл судлалд үүнийг «spectatoring» буюу бэлгийн харилцааны үеэр өөрийн мэдрэмжид төвлөрөхийн оронд хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас өөрийгөө дүгнэх үзэгдэл гэж нэрлэдэг.
Судалгаанд оролцогчдын 73 хувь нь өөрийн гадаад төрхөндөө санаа зовдог нь бэлгийн таашаал авахад саад болдог гэж үзжээ. Энэ нь зөвхөн Z үеийнхний асуудал биш боловч тэдний дунд илүү түгээмэл байна.
Бэлгийн боловсрол ба нээлттэй байдал
Залуус бэлгийн амьдралынхаа талаар нээлттэй ярилцахад хүндрэлтэй тулгардаг байна. Оролцогчдын 50 хувь нь хамтрагчдаа юу хүсэж байгаагаа хэлэхэд төдийлөн таатай байдаггүй гэжээ. Үүний шалтгаан нь бага насны хүмүүжилтэй холбоотой байж болох юм: 38 хувь нь өсвөр насандаа бэлгийн харилцааны талаар бараг ярилцдаггүй байсан бол 35 хувь нь үүнийг сөрөг эсвэл огт яригддаггүй сэдэв гэж хүлээн авдаг байв. Мөн судалгаанд оролцогчдын ердөө 1 хувь нь л албан ёсны бэлгийн боловсрол эзэмшсэн гэж хариулсан байна.
Ихэнх хүмүүс бэлгийн амьдралын талаарх мэдлэгээ хувийн туршлага (60 хувь) болон онлайн контентуудаас (17 хувь) авдаг байна. Хэдийгээр бэлгийн харилцааны талаарх ойлголт, мэдрэмж нь төвөгтэй байгаа ч судалгаанд оролцогчдын 80 хувь нь бэлгийн амьдралаа илүү идэвхтэй байлгахыг хүсдэг гэдгээ илэрхийлжээ.