ZeroStack компани 8-р сарын 19-нд нийт 1 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий MemeCore төслийн 925,925,926 ширхэг M токеныг худалдан авах хэлцлийг хийж гүйцэтгэжээ. Энэхүү төлбөрийг бэлэн мөнгөөр бус, тус бүрийг нь 1.08 ам.доллароор үнэлсэн токен болон өөрийн энгийн хувьцаа, урьдчилан санхүүжүүлсэн варрантаар (хувьцаа худалдан авах эрх) төлсөн байна.
Компанийн гаргасан Form 8-K тайланд дурдсанаар, тэд эхний ээлжид 3.5 сая ширхэг энгийн хувьцаа олгосон бол цаашид ойролцоогоор 36.2 сая ширхэг нэмэлт хувьцаа худалдан авах эрх бүхий варрантыг багцад оруулжээ.
Хувьцаа эзэмшигчдийн санал хураалт шийдвэрлэнэ
Nasdaq биржийн дүрмийн дагуу хувьцааны тоо хэмжээг 19.99%-иас дээш хэмжээгээр шингэлэх нөхцөлд заавал хувьцаа эзэмшигчдээр батлуулах ёстой байдаг. 8-р сарын 19-ний байдлаар ZeroStack компани нийт 21,624,341 ширхэг эргэлтийн хувьцаатай байсан юм. Хэрэв санал хураалтаар варрантын 36.2 сая шинэ хувьцааг бүрэн гаргахыг зөвшөөрвөл компанийн эргэлтийн хувьцааны тоо 167.4%-иар өсөж, 57,822,635-д хүрэх тооцоо гарч байна.
Гэхдээ албан тайланд уг санал хураалт хэзээ болох товыг хараахан зарлаагүй байгаа аж. Мөн эдгээр варрантын хувьцаанууд нь 10 хүртэлх жилийн түгжээний (lockup) хугацаатай бөгөөд талууд харилцан тохиролцсоноор уг хязгаарлалтыг цуцлах эсвэл өөрчлөх боломжтой байна.
Нийт 54.6 сая хувьцааны дахин бүртгэл
ZeroStack-ийн 8-р сарын 21-ний S-3 тайланд зөвхөн MemeCore-ийн хэлцлээс гадна гүйцэтгэх захирал Даниел Рейс-Фариа, ТУЗ-ийн дарга Майкл Хайнрих, санхүү хариуцсан захирал Дэни Вайман болон Puple AI, Blockcat, Zero Gravity Labs зэрэг эзэмшигчдийн нийт 54,609,992 ширхэг хувьцааг дахин худалдах бүртгэлд оруулжээ.
Ийнхүү бүртгүүлсэн нь эдгээр хувьцааг зах зээлд шууд зарна гэсэн үг биш бөгөөд эзэмшигчид бүгдийг нь, заримыг нь эсвэл огт зарахгүй байх эрхтэй юм. Түүнчлэн хувьцаа эзэмшигчид хувьцаагаа зарсан тохиолдолд ZeroStack ямар нэгэн орлого авахгүй ба зөвхөн удирдах албан тушаалтнуудын хувьцааны опцион бэлэн мөнгөөр хэрэгжсэн нөхцөлд л компанид бэлэн мөнгө орж ирэх боломжтой байна.