Америкийн дуучин, реппер, жүжигчин Аарон Картер (залуучууд түүнийг 2000-аад оны эхээр “Aaron’s Party (Come Get It)” гэх хит дуугаар нь сайн мэдэх байх) өнгөрсөн жил 34 насандаа таалал төгссөн билээ. Түүний үхлийн шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй байгаа ч сэтгэцийн эмгэгийг эмчлэх зорилгоор хэрэглэдэг “Xanax” эмийг хэтрүүлэн хэрэглэснээс болсон байх магадлалтай гэж таамаглаж байсан.

Тэгвэл саяхан түүний гэр бүл, ялангуяа дөрвөн настай хүү Принц нь Аарон Картерт “Xanax” хэмээх эмийг хэтрүүлэн бичсэн Лос-Анжелесийн “Amen Clinics” хэмээх сэтгэцийн эмнэлэгтэй тохиролцоонд хүрч, нөхөн төлбөр авахаар болжээ. Нөхөн төлбөрийн хэмжээг одоогоор нууцалж байгаа юм байна.

Энэхүү хэрэг нь Аарон Картерын үхэлд буруутай этгээдийг тогтоох зорилготой шүүх хуралдааны нэг хэсэг бөгөөд шүдний эмч болон хоёр эмийн сангийн эсрэг үргэлжлэх юм байна. Картерын гэр бүл эдгээр байгууллагыг дуучинд зохисгүй эмчилгээ хийсэн, эм бичсэн гэж үзэж байгаа ажээ.

Аарон Картерын үхэл нь түүний фэнүүд болон гэр бүлийнхэнд нь том цохилт болсон. Энэхүү нөхөн төлбөр нь түүний хүүхдэд бага ч гэсэн тус дэм болж, шударга ёс тогтоход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.