Австралийн 22 настай ойрын зайн гүйгч Калеб Ло (Calab Law) карьертаа томоохон өөрчлөлт хийх шийдвэр гаргажээ. 200 метрийн зайд 20.21 секундийн хувийн дээд амжилттай тэрбээр үндсэн төрлөө орхин, 110 метрийн саадтай гүйлтээр хичээллэхээр болсон байна. Тэрбээр дасгалжуулагч Эндрю Айзелины удирдлага дор Квинсландын Спорт ба хөнгөн атлетикийн төвд саадтай гүйлтийн анхны бэлтгэлээ хийсэн бөгөөд 2028 оны Лос-Анжелесын олимп болоход хоёр хүрэхгүй жилийн хугацаа үлдээд буй юм.

Энэхүү шилжилт гэнэтийн мэт санагдаж болох ч Ло өсвөр насандаа саадтай гүйлтээр хичээллэж байсан туршлагатай. Тэрбээр 17 нас хүртлээ саадтай гүйлтийн тэмцээнд өрсөлддөг байсан ч биеийн өсөлт огцом явагдаж, 172 см-ээс ойролцоогоор 185 см өндөртэй болсноор саад хоорондын алхалтын хэмнэл нь алдагдсан байна. Тиймээс дасгалжуулагчдын баг нь саадтай гүйлтийг түр хойшлуулж, түүнийг зөвхөн шулуун зайн гүйлтэд төвлөрүүлэх шийдвэр гаргаж байжээ.

Таван жилийн дараа саадтай гүйлтдээ эргэн ирж буй Ло шулуун зайн гүйлтээр өндөр амжилт үзүүлсэн. Тэрбээр 2026 оны Глазгогийн Хамтын нөхөрлөлийн наадамд Жош Аззопарди, Лахлан Кеннеди, Рохан Браунинг нартай хамт 4x100 метрийн буухиа гүйлтэд 38.07 секундийн амжилтаар алтан медаль хүртэж, тус төрөлд Австрали улсад 1974 оноос хойш 52 жилийн дараах анхны алтан медалийг авчирсан юм.

Үүнээс өмнө тэрбээр 2022 оны U20 ДАШТ-ээс 200 метрийн зайд хүрэл медаль хүртэж, мөн онд Южин хотод болсон ДАШТ-ий 200 метрийн хагас шигшээд шалгарсан анхны Австрали өсвөр насны тамирчин болсон түүхтэй. Түүнчлэн 2023 оны Номхон далайн наадамд 100 ба 200 метрийн зайд түрүүлж, Парис 2024 олимп болон Токиод болсон 2025 оны ДАШТ-д 200 метр болон 4x100 метрийн буухиа төрлүүдэд эх орноо төлөөлөн оролцсон билээ. Түүний саадтай гүйлт рүү шилжих сонголт нь үндэсний буухиа багийн бүрэлдэхүүнд үргэлжлүүлэн хувь нэмэр оруулахад саад болохгүй юм.