Ажлын байран дахь ажилчдын идэвх сулрах асуудал дэлхий даяар тулгамдаж байгаа бөгөөд энэ нь эдийн засагт асар их нөлөө үзүүлж байна. Gallup аналитик компанийн мэдээлснээр, өнгөрсөн онд ажилчдын идэвх сул байснаас үүдэн 10 их наяд долларын бүтээмж алдагджээ. Энэ нь дэлхийн ДНБ-ий 9 хувьтай тэнцэхүйц үзүүлэлт юм. Мөн 2025 онд ажилчдын идэвх 2020 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн бөгөөд сүүлийн хоёр жилийн турш тасралтгүй буурч байна.

Идэвх сулрахад нөлөөлж буй хүчин зүйлс

Ажилчдын идэвх буурахад оффис доторх туршлага хязгаарлагдмал байх, хиймэл оюун ухаан (AI) хүмүүсийн хоорондын холбоог сулруулна гэх айдас, мөн эрүүл мэндийн салбарт хангалттай хөрөнгө оруулалт хийхгүй байгаа зэрэг хүчин зүйлс голлон нөлөөлж байна. Харин өндөр идэвхтэй багууд 18 хувиар илүү бүтээмжтэй, 23 хувиар илүү ашигтай ажиллаж, ажлаас гарах тохиолдол 43 хувиар бага байдаг аж.

Оффисын орчныг өөрчлөх нь

Компаниуд ажилчдыг оффис руу буцаах (RTO) бодлогоо эрчимжүүлж байгаа ч Gallup-ийн судалгаагаар алсын зайнаас ажилладаг хүмүүс оффис дээр эсвэл эрлийз (hybrid) хэлбэрээр ажилладаг хүмүүсийг бодвол илүү идэвхтэй байдаг нь тогтоогджээ. Тиймээс оффист ирэхийг шаардах нь шууд идэвх нэмэгдүүлнэ гэсэн үг биш юм. Амжилттай яваа байгууллагууд ажилчдад өөрсдөө шийдвэр гаргах эрх чөлөөг олгож, оффисыг зөвхөн ширээний ард суух газар биш, харин харилцан үйлчлэл, амралт, төвлөрөлд зориулсан таатай орчин болгоход анхаарч байна.

Жишээлбэл, Pinterest компани Дублин дахь оффисоо шинэчлэхдээ ажилчдын тав тух болон соёлын онцлогт тулгуурласан шийдлүүдийг гаргасан. Үүний үр дүнд оффисын ирц 55 хувиар өссөн хэдий ч гол зорилго нь ирц нэмэх биш, харин ажилчдын бүтээмжийг дэмжих байв. Ажлын байр нь өөр хаана ч нөхөж боломгүй үнэ цэнийг бий болгосон тохиолдолд ирц нь идэвх зүтгэлийн дагалдах үр дүн болж хувирдаг байна.