Ажил хэргийн чухал имэйл бичихдээ бид заримдаа хэтэрхий их цаг зарцуулж, үг бүрээ нягтлан, утгаа зөөлрүүлэх гэж хичээдэг. Энэ нь яг л хэн нэгэн рүү хайрын зурвас бичиж байгаа мэт түгшүүртэй мэдрэмжийг төрүүлдэг байна. Гэвч Fast Company-д нийтлэгдсэнээр, ийм байдлаар хандах нь таныг мэргэжлийн бус эсвэл хэтэрхий бүрэгдүү харагдуулахаас гадна бизнесийн үр дүнд сөргөөр нөлөөлдөг.
Маркетингийн стратегич хүний ажигласнаар, бид “хэтэрхий их” эсвэл “түрэмгий” харагдахаас айхдаа харилцааны хамгийн чухал хэсэг болох тодорхой үзэл бодол болон шууд хүсэлтээ үгүй хийдэг байна. Энэ нь маркетингийн ажил, борлуулалт, тэр ч байтугай түншлэл тогтооход саад болдог.
Хүсэлтээ хэрхэн зөв илэрхийлэх вэ?
Боломж олдохгүй байгаагийн гол шалтгаан нь ихэнхдээ хэн нэгэн таныг голсондоо биш, харин та хүсэлтээ огт тавиагүйд оршдог. Хэрэв та тодорхой хүсэлт тавихаар шийдсэн бол уншигчид хариу өгөхөд хялбар байх ёстой. Ингэхийн тулд дараах дөрвөн асуултад хариулах нь зүйтэй:
1. Та юу хүсэж байна вэ? Хүсэлтээ имэйлийн эхэнд тодорхой бичээрэй.
2. Яагаад заавал тухайн хүн гэж? Та яагаад энэ хүнтэй холбогдож байгаагаа тайлбарлах хэрэгтэй.
3. Та хэн бэ? Өөрийнхөө LinkedIn хаяг эсвэл хийсэн бүтээлүүдийнхээ холбоосыг хавсаргаж, товч танилцуулга өгөх.
4. Дараагийн алхам юу вэ? Уулзах бол боломжит цагуудаа санал болгох зэргээр хариу авахад хялбар болгох.
Өнөө үед хиймэл оюун ухаан ашиглан дүрэм алдаагүй, төгс имэйл бичих нь амархан болсон. Гэвч ийм имэйл нь заримдаа хүний өөрийн гэсэн өвөрмөц зан чанар, илэн далангүй байдлыг үгүй хийж, хэтэрхий хүйтэн хөндий харагдуулдаг. Тиймээс ажил хэргийн харилцаандаа өөрийн урам зориг, чин сэтгэлийг шингээхээс бүү ай.