Их Британийн хөгжмийн салбарын авьяаслаг уран бүтээлч, дуучин, хөгжмийн зохиолч Талай Райли (Talay Riley) Лондонд болсон халдлагын улмаас хутгалуулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тэрээр Stormzy, Craig David, Kehlani зэрэг дэлхийн оддын дуунуудыг хамтран бүтээж, хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн тод мөрийг үлдээсэн уран бүтээлч байв.

Талай Райли нь зөвхөн дуучин төдийгүй чадварлаг хөгжмийн зохиолч байсан бөгөөд алдартай артистуудын хит дуунуудын ард ажилладаг байснаараа мэргэжилтнүүдийн дунд өндрөөр үнэлэгддэг байжээ. Түүнийг нас барсан тухай мэдээ тархсаны дараа Британийн рэп хөгжмийн од Stormzy, R&B дуучин Kehlani болон Craig David нар олон нийтийн сүлжээгээр дамжуулан эмгэнэл илэрхийлж, түүнийг бүтээлч, эрч хүчтэй, бусдад урам зориг өгдөг нэгэн байсныг дурссан байна.

Лондон хотын цагдаагийн газраас уг хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд одоогоор халдлага үйлдсэн этгээдүүд болон хэргийн шалтгааны талаарх мэдээлэл тодорхойгүй байна. Талай Райлигийн гэнэтийн үхэл нь хөгжмийн салбарынханд төдийгүй түүний шүтэн бишрэгчдэд маш том цохилт боллоо.

Түүнийг хамтран ажиллаж байсан уран бүтээлчид нь "Тэр бол хөгжмийн ертөнцийн үнэнч зүтгэлтэн байсан. Түүний бүтээлч сэтгэлгээ, хөгжимд зориулсан хайр, бидэнд үлдээсэн дурсамжууд үргэлж дурсагдах болно" хэмээн харамсан бичжээ. Хөгжмийн ертөнц нэгэн авьяаслаг уран бүтээлчээ алдсанд олон мянган шүтэн бишрэгчид нь эмгэнэл илэрхийлсээр байна.