АНУ өөрсдөө биткойн хуримтлуулж, харин дэлхийн бусад улс орнуудад ам.долларт уягдсан стэйблкоиныг нийлүүлж байгаа талаар Chainalysis блокчэйн дата судалгааны байгууллагын шинэ тайланд дурджээ.
Тус байгууллагын нийтэлсэн “North America: Inside the Growth of Agentic Commerce” нэртэй тайланд дурдсанаар, АНУ 2022 оноос хойш анх удаа буюу 2026 онд биткойны цэвэр импортлогч болсон байна. Тодруулбал, энэ хугацаанд жижиглэнгийн хөрөнгө оруулагчид ихэвчлэн зарж байсан бол томоохон байгууллагууд биткойныг эрчимтэй худалдан авчээ.
Дижитал доллар ба биткойны ялгаа
Тайланд дурдсанаар, ам.долларын стэйблкоин нь Америкт банкны дансгүйгээр доллар эзэмших боломж олгодог тул бусад улс орнуудад эрэлт ихтэй байгаа аж. Харин америкчууд өөрсдөө аль хэдийн банкны данстай тул биткойныг хязгаарлагдмал нөөц бүхий үнэ цэн хадгалагч хэмээн үзэж, илүүтэй худалдан авч байна.
АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC) арван жил татгалзсаны эцэст 2024 оны 1-р сард спот биткойн ETF-ийг зөвшөөрсөн билээ. BlackRock, Fidelity, саяхан нэгдсэн Morgan Stanley зэрэг Уолл Стритийн томоохон компаниудын удирддаг эдгээр сангууд ETF-ийн түүхэнд хамгийн амжилттай нээлтээ хийсэн байна. Спот ETF гарснаас хойш тайлагнах үе бүрд дэлхийн биткойны идэвхжилд АНУ-ын эзлэх хувь өссөөр иржээ. Хэдийгээр АНУ-ын крипто эдийн засаг ($2.78 их наяд) баавгайн зах зээлийн улмаас 2.2%-иар агшсан ч 2025 оны бараг хоёр дахин өссөн өсөлтийнхөө ихэнх хувийг хадгалж чадсан байна.
Стэйблкоин ба бодлогын зохицуулалт
Стэйблкоин нь АНУ-ын өрийг хил дамнасан бизнес болон хэрэглэгч хоорондын төлбөр тооцооны гол хэрэгсэл болгож хувиргасныг тайланд тэмдэглэжээ. 2026 онд стэйблкоин ялангуяа гадаад зах зээлд шинэ хэрэглээнд нэвтэрч, АНУ-ын компаниуд болон засгийн газарт олон тэрбум долларын эдийн засгийн идэвхжилийн үр өгөөж өгсөөр байгааг дурдсан байна.
Түүнчлэн Дональд Трамп ерөнхийлөгч болсноосоо хойш криптог дэмжсэн хэд хэдэн хууль, зарлигт гарын үсэг зуржээ. Тухайлбал, 2025 онд баталсан GENIUS Act нь банкууд болон бусад байгууллагуудад АНУ-ын Төрийн сангийн үнэт цаас зэрэг хөрөнгөөр баталгаажуулж, нөөцөө сар бүр тайлагнах нөхцөлтэйгээр стэйблкоин гаргах эрхийг олгосон байна.