АНУ-ын Миссисипи мужийн эрх баригчид цагдаагийн ажилтны гарт нэг настай хүү амиа алдсан хэргийн бичлэгийг пүрэв гарагт олон нийтэд ил болголоо. Хэдийгээр тухайн цагдаагийн алба хаагчийн үйлдлийг мужийн холбогдох албаныхан гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж, түүнд хариуцлага тооцохгүй байхаар шийдвэрлэсэн ч энэхүү бичлэг олны анхаарлыг татаж байна.

Энэхүү харамсалтай хэрэг өнгөрсөн зургаадугаар сард гарчээ. Сенатобиа хотын цагдаагийн түрүүч Хантер Фостер дэлгүүрийн хулгайн дуудлагаар ажиллаж байхдаа хөдөлж байсан автомашин руу гал нээсэн бөгөөд суманд өртсөний улмаас Кохен Вайли хэмээх нэг настай хүү амиа алдсан юм.

Харин хүүгийн ар гэрийнхний зүгээс бичлэгт үлдсэн үйл явдлыг харахад цагдаагийн галт зэвсэг хэрэглэсэн үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Нөгөө талд Миссисипи мужийн Ерөнхий прокурорын газраас уг хэргийг сарын турш мөрдөн шалгасан тухайгаа энэ долоо хоногт мэдээлсэн байна.