АНУ-ын Калифорни муж дахь үнэт цуглуулгын картын үнэлгээ хийдэг PSA (Professional Sports Authenticator) компанийн төв байрны гадна зогсож байсан FedEx компанийн ачааны машинаас олон тооны үнэ цэнтэй спорт болон Pokémon картууд хулгайд алдагдсан байна.

Хулгай хэрхэн гарсан бэ?

New York Times болон The Athletic хэвлэлүүдийн мэдээлснээр, уг хэрэг 10 дугаар сарын 13-ны өдөр Калифорни мужийн Санта Ана хотод гарчээ. Санта Ана хотын цагдаагийн газраас The Athletic-т мэдээлснээр уг машин 90 минут орчим хугацаанд хараа хяналтгүй зогссон бөгөөд энэ үеэр хулгайчид цоожийг нь эвдэн, эзэмшигчдэд нь буцаан илгээхээр ачсан байсан гурван тавиур бүхий картуудыг хулгайлсан байна. Хулгайд алдагдсан хоёр тавиурт тус бүр 100 орчим илгээмж, харин гурав дахь тавиурт 50 орчим илгээмж байжээ.

Хохирлын хэмжээ хэд вэ?

PSA-ээс цагдаа нарт мэдээлснээр хулгайлагдсан хоёр тавиур дахь картуудын нийт үнэлгээ 963,000 ам.доллар орчим болсон байна. Тус компани гурав дахь тавиурын үнэлгээг одоо ч тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд нийт хохирлын дүн 1 сая ам.доллароос давах магадлалтай байгаа аж.

Хэрэгтэй холбогдуулан PSA компани хулгайд алдагдсан эд зүйлсийн гэрчилгээг хүчингүй болгож, ховор болон серийн дугаартай картуудыг хянах талаар худалдааны платформ, зах зээлийн түншүүддээ мэдэгдсэнээ дурджээ. Мөн тус компани хохирсон хэрэглэгчдэд даатгалын дээд хязгаарт багтаан зах зээлийн бодит үнэлгээгээр нөхөн төлбөр олгохоо мэдэгдсэн байна.

Хохирогчдын дунд YouTuber Sky-B Cards байгаа бөгөөд тэрээр өөрийнх нь 100,000 гаруй ам.долларын үнэ бүхий 104 ширхэг карт алдагдсан талаар хуваалцжээ. Түүний илгээсэн зүйлс дотор алдаатай хэвлэгдсэн картууд багтсан тул нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолоход бэрхшээлтэй байж болзошгүйг тэрээр дурдсан байна. Одоогоор Санта Ана хотын цагдаагийн газар уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.