АНУ-ын Сенат 51–44-ийн харьцаатай санал хураалтаар Эрика Шварцыг АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) захирлаар томилохыг баталлаа. Энэхүү томилгоо нь тус байгууллагын удирдлагын сул орон тоог бараг нэг жилийн дараа нөхөж байна.
Эрика Шварц өнгөрсөн сард болсон баталгаажуулалтын сонсгол дээр Эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннедигийн эсрэг байр суурьтай байж чадах эсэхээ нотлохдоо хангалтгүй байсан гэж олон нийт үзэж байсан юм. Өмнөх захирал Сюзан Монарезийг өнгөрсөн наймдугаар сард Роберт Ф. Кеннеди ажлаас нь халсан байдаг. Монарез нь Кеннедигийн өөрийнх нь үзэл бодолтой ижил вакцин эсэргүүцэгч зөвлөхүүдийн зөвлөмжийг шууд хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаны улмаас албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм.
Шинэ захирал Шварц нь анагаах ухааны болон нийгмийн эрүүл мэндийн магистрын зэрэгтэй, мөн хуульчийн мэргэжилтэй, өндөр боловсролтой нэгэн юм. Тэрээр өмнө нь АНУ-ын Тэнгисийн цэргийн офицероор удаан хугацаанд ажилласан туршлагатай бөгөөд АНУ-ын Эргийн хамгаалалтын албаны ерөнхий эмч, Дональд Трампын анхны засаг захиргааны үед мэс заслын ерөнхий эмчийн орлогчоор ажиллаж байсан түүхтэй. Түүнчлэн, тэрээр вакцинжуулалт болон халдварт өвчинтэй тэмцэх бэлэн байдлыг дэмжигч нэгэн гэдгээрээ танигдсан юм.