Сүүлийн үед Арабын Нэгдсэн Эмират улс зэрэг Персийн булангийн орнуудын чинээлэг гэр бүлүүд Хятад улсыг зорьсон аялал жуулчлалын шинэ давалгааг үүсгээд байна. Дөрвөн насанд хүрсэн хүн, гурван хүүхэд болон асрагчийн бүрэлдэхүүнтэй нэгэн гэр бүл саяхан Шанхай хотод долоо хоногийн хугацаатай боловсрол, бизнесийн аялал хийхэд 300,000 юань буюу 44,000 гаруй ам.доллар зарцуулжээ.

Ойрхи Дорнод руу чиглэсэн аялал зохион байгуулагч "UFOX Travel" компанийн төлөөлөгч Лилиан Люгийн ярьснаар, тухайн үед Иран-Израилийн мөргөлдөөний улмаас нислэгүүд цуцлагдаж, аяллын төлөвлөгөөнд хүндрэл учирсан ч эдгээр гэр бүлүүд Хятадад ирэх шийдвэрээсээ няцаагүй байна. Энэ нь тэдний Хятадын зах зээл, технологийн дэвшил болон боловсролын системд хэр их ач холбогдол өгч байгааг харуулж буй хэрэг юм.

Өмнө нь Арабын баячууд аялал жуулчлалын чиглэлээрээ ихэвчлэн Европ эсвэл Америкийг сонгодог байсан бол одоо технологи, инновацын төв болсон Хятад улсыг эрэлхийлэх болжээ. Тэд зөвхөн үзвэр үйлчилгээ сонирхохоос гадна Хятадын тэргүүлэх технологийн компаниуд, сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, ирээдүйн бизнесийн түншлэлээ олохыг зорьдог байна.

Шинжээчдийн дүгнэж байгаагаар, энэ нь геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж, Арабын орнууд болон Хятадын хоорондох эдийн засгийн харилцаа улам гүнзгийрч байгаагийн илрэл юм. Хятадын засгийн газар ч гадаадын хөрөнгө оруулагчид болон жуулчдад зориулсан визийн хөнгөлөлтүүдийг нэвтрүүлж байгаа нь ийм төрлийн тансаг зэрэглэлийн боловсролын аялал жуулчлалыг улам идэвхжүүлж байна.