Латин хөгжмийн ертөнцийн алдартай ах дүүсийн хослол болох Лусиа болон Хоакин Галан нараас бүрдсэн Pimpinela хамтлаг "Leyendas" нэртэй АНУ-ын аялан тоглолтоо хийхээр болсноо зарлалаа. Энэхүү тоглолтыг Arpi Live компани зохион байгуулж байгаа бөгөөд нийт таван хотыг хамарсан цомхон хэмжээний тоглолт болох юм.

Аялан тоглолт 11 дүгээр сарын 13-нд Лос-Анжелес хотын Dolby театрт эхэлж, 11 дүгээр сарын 22-нд Майами хотын James L. Knight төвд өндөрлөнө. Хамтлагийн гишүүн Хоакин Галан энэ тухай хэлэхдээ, "Энэхүү тоглолт нь бидний дуунуудын төдийгүй, олон жилийн турш биднийг дэмжиж ирсэн сонсогчдодоо талархал илэрхийлж буй хэлбэр юм. Бидний түүхийг бүтээлцсэн хүмүүстэйгээ энэ мөчийг хамтдаа тэмдэглэхийг хүсэж байна" хэмээн онцолжээ.

Өнгөрсөн 45 жилийн турш уран бүтээлээ туурвиж буй Pimpinela нь сэтгэл хөдөлгөм, театрын хэв маяг бүхий баллад дуунуудаараа Латин хөгжмийн хамгийн их борлуулалттай уран бүтээлчдийн нэг болсон юм. Тэд "Olvídame y Pega la Vuelta", "Con Un Nudo En La Garganta", "A Esa", "Por Ese Hombre" зэрэг олон хит дуугаараа алдартай.

"Leyendas" аялан тоглолтын хүрээнд амьд хөгжимчид, найрал дуучид, бүжигчид болон тусгай дүрс бичлэгийн агуулга бүхий нүсэр тайзны шийдлийг үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байна. Мөн тоглолтод дуучин Dyango зэрэг зочин уран бүтээлчид оролцоно. Тоглолтын тасалбарын урьдчилсан захиалга 8 дугаар сарын 4-нд, харин ерөнхий худалдаа 8 дугаар сарын 6-нд эхлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг хамтлагийн сошиал хуудсаар дамжуулан зарлах юм.