Орчин үеийн аймшгийн кино урлагийн шилдэг найруулагчдын нэг Ари Астер өөрийн нэр хүндийг өсгөсөн «Hereditary» (Удамшил) киноны талаар сонирхолтой мэдээлэл өглөө. 2018 онд дэлгэцэнд гарч, үзэгчдийг айдаст автуулсан энэхүү бүтээлийн угтвар түүхийг (prequel) өгүүлэх бүрэн хэмжээний зохиолыг тэрээр аль хэдийн бичсэн аж.

Гэвч найруулагч маань уг зохиолоо цааш нь хэрхэн хөгжүүлж, кино болгох тал дээр эргэлзээтэй байгаагаа нуусангүй. Тэрээр өгсөн ярилцлагадаа «Би энэ түүхийг хааш нь чиглүүлэх, хэрхэн үргэлжлүүлэхээ одоогоор мэдэхгүй байна» хэмээн дурджээ. Ари Астерийн хувьд өмнөх бүтээлүүдээ дахин давтах эсвэл цуврал болгон сунжруулахаас илүүтэйгээр шинэ санаа, шинэ ертөнцийг бүтээхийг эрмэлздэг уран бүтээлч юм.

«Hereditary» кино нь Грэхэмүүдийн гэр бүлийн харанхуй түүх, удам дамжсан хараал болон сэтгэл зүйн аймшгийг тун өвөрмөцөөр харуулсан нь шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Түүнээс хойш Астер «Midsommar» болон «Beau is Afraid» зэрэг өвөрмөц найруулгатай бүтээлүүдийг гаргасан юм.

Хэдийгээр зохиол нь бэлэн байгаа ч найруулагч энэ төслийг орхигдуулсан хэвээр байна. Шүтэн бишрэгчид нь уг аймшгийн ертөнцийн өмнөх үйл явдлыг үзэхийг хүсэж байгаа ч, Ари Астер өөрийн уран бүтээлийн хэм хэмжээг баримтлан, зөвхөн сэтгэлд нь нийцсэн тохиолдолд л үргэлжлүүлэх бололтой.