Дэлхийн поп хөгжмийн од, авьяаслаг дуучин Ариана Гранде АНУ-ын засгийн газрыг өөрийнх нь уран бүтээлийг улс төрийн зорилгоор, тэр дундаа хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагаанд ашигласныг эрс эсэргүүцлээ. Асуудал нь Цагаачлал, гаалийн хяналтын алба (ICE)-ны TikTok хуудсанд байршуулсан бичлэгээс үүдэлтэй юм.

Уг бичлэгт холбооны агентууд хүмүүсийг баривчлан, гавлаж буй дүрс бичлэгийн доор Ариана Грандегийн дууг ашигласан байжээ. Энэхүү үйлдэлд дуучин бүсгүй ихэд бухимдаж, уг бичлэгийг "зэрлэг балмад" хэмээн нэрлэж, өөрийн уран бүтээлийг ийм төрлийн видеод ашиглахыг эрс хориглосон байна.

Ариана Гранде бол өдгөө дэлхийн хөгжмийн ертөнцийг тэргүүлж буй, олон сая дагагчтай Америкийн дуучин бөгөөд нийгмийн асуудлуудад өөрийн байр суурийг илэрхийлэхээс хэзээ ч эмээдэггүй нэгэн юм. Тэрээр АНУ-ын засаг захиргааны энэхүү үйлдлийг ёс зүйгүй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, өөрийн дууг улс төрийн суртал ухуулга, ялангуяа хүний эрхийг хөндөхүйц эмзэг сэдэвтэй холбохгүй байхыг шаардсан байна.

Энэхүү үйл явдал нь олон нийтийн сүлжээгээр хурдан тархаж, шүтэн бишрэгчид болон хүний эрхийн төлөө тэмцэгчдийн зүгээс дуучныг дэмжсэн олон сэтгэгдэл хөвөрч байна. Урлагийн бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр улс төрийн зорилгоор ашиглах нь АНУ-д төдийгүй дэлхий дахинд томоохон маргаан дагуулдаг сэдэв хэвээр байна.