Алдарт дуучин Ариана Гранде Бруклин хотын Barclays Center-т болсон "Eternal Sunshine" аялан тоглолтынхоо үеэр 2018 оны хит "Thank U, Next" дууныхаа үгийг дахин өөрчилж дуулжээ.

Уг дуунд тэрээр өмнө нь үерхэж байсан алдартнууд болох рэппер Биг Шон, Мак Миллер, жүжигчин Пит Дэвидсон нарын тухай дурддаг. Энэ удаад тэрээр хуучин найз залуу Рики Альварестай холбоотой мөрийг өөрчилсөн байна. Анхны хувилбарт "Wrote some songs about Ricky/ Now I listen and laugh" (Рикигийн тухай хэдэн дуу бичсэн/ Одоо сонсоод инээдэг) гэж байсан бол энэ удаад "Wrote some songs about Ricky/ We always find our way back" (Рикигийн тухай хэдэн дуу бичсэн/ Бид үргэлж эргээд нэгнийгээ олдог) хэмээн дуулжээ. Энэхүү өөрчлөлт нь үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт, шуугиан тарьсан байна.

Ариана Гранде өмнө нь ч мөн адил тоглолтынхоо үеэр энэ дууны үгийг өөрчилж байсан удаатай. Тухайлбал, зургаадугаар сарын 26-нд болсон төрсөн өдрийн тоглолтынхоо үеэр "I know he's still got my back" (Тэр намайг үргэлж дэмждэг гэдгийг би мэднэ), өөр нэг тоглолтынхоо үеэр "And they still kinda slap" (Тэр дуунууд одоо ч сонсоход таатай хэвээрээ) хэмээн дуулж байв. Сонирхолтой нь, Рики Альварес түүний төрсөн өдрийн тоглолтод хүрэлцэн ирсэн бөгөөд тэд өнгөрсөн долдугаар сарын эхээр Флоридад хамтдаа байсан талаар мэдээлэл гарчээ.

Түүний төлөөлөгч энэ асуудлаар одоогоор албан ёсны тайлбар өгөөгүй байна. Ариана Гранде одоогоор 41 тоглолт бүхий аялан тоглолтынхоо талыг нь дуусгаад байгаа бөгөөд түүний найм дахь студийн цомог болох "Petal" долдугаар сарын 31-нд гарахаар товлогджээ.