Дэлхийн алдарт поп дуучин Ариана Гранде өөрийн бүтээлч үйл явцын нэг хэсэг болох, олон нийтэд зориулаагүй дуу, зураг, дүрс бичлэгийг нь хулгайлсан этгээдүүдийг хуулийн байгууллагад өгчээ. Лос-Анжелесийн шүүхэд даваа гарагт гаргасан нэхэмжлэлд дурдсанаар, хакерууд дуучны гэрэл зурагчид болон продюсеруудыг онилон, хувийн контентуудыг нь удаа дараа хулгайлсан байна.
Дуучны хуулийн багийнхны мэдээлснээр, зөвхөн 2023 онд л гэхэд Ариана Грандегийн 45 дуу хулгайлагдаж, задарчээ. Тэдгээр хакерууд хулгайлсан дата болон контентуудаа “dark web”-д өндөр үнээр худалддаг болохыг нэхэмжлэлд онцолсон байна. Мөн 2011 оноос хойш дуучин бүсгүй зуу гаруй удаагийн хакерын халдлагад өртөөд байгаа аж.
Энэхүү үйлдэл нь Ариана Гранде болон түүний шүтэн бишрэгчдийн хоорондох “ариун нандин харилцааг” зөрчиж, түүний нэр төр, уран бүтээлд ихээхэн хохирол учруулж байгааг хуульчид нь шүүмжилжээ. Нэхэмжлэлд тодорхой нэг хүний нэр заагаагүй бөгөөд “John Doe” буюу нэр нь үл мэдэгдэх хакеруудыг шүүхэд татсан байна.
Ариана Грандегийн зүгээс шүүхийн тушаалаар дамжуулан интернэт үйлчилгээ үзүүлэгчдээс мэдээлэл гаргуулах замаар хакеруудын жинхэнэ нэр хаягийг илрүүлж, тэдэнд хариуцлага тооцуулахыг зорьж байна. “Хэн ч, тэр дундаа олны танил хүн ийм төрлийн технологийн халдлагад өртөж, хувийн нууцаа алдах ёсгүй” хэмээн түүний өмгөөлөгчид мэдэгджээ.