Дэлхийн поп хөгжмийн од Ариана Гранде АНУ-ын Цагаан ордны албан ёсны TikTok хуудсанд нийтлэгдсэн бичлэгийг эрс эсэргүүцсэн байр сууриа илэрхийллээ. Тус бичлэгт Цагаачлал, гаалийн хяналтын албаны (ICE) баривчилгааны үйл явцыг "Bye" буюу "Баяртай" гэсэн өнгө аястай, хөгжилтэй байдлаар харуулсан нь олны дургүйцлийг хүргээд байна.

Ариана Гранде өөрийн сошиал сувгаар дамжуулан Цагаан ордныг энэхүү үйлдэлдээ "F— ICE" хэмээн хатуухан шүүмжилж, цагаачдын эрхийг зөрчсөн аливаа сурталчилгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ мэдэгджээ. Тэрээр нийгмийн шударга ёс, хүний эрхийн асуудалд идэвхтэй дуу хоолойгоо хүргэдэг уран бүтээлчдийн нэг юм.

АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын алба (ICE) нь тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийг баривчлах, албадан гаргах үүрэгтэй байгууллага бөгөөд тэдний үйл ажиллагаа нь хүний эрхийн байгууллагуудын зүгээс байнга шүүмжлэл дагуулдаг. Энэхүү асуудалд зөвхөн Ариана Гранде төдийгүй Оливия Родриго, Билли Айлиш, Сабрина Карпентер зэрэг алдартай дуучид өмнө нь ч мөн адил эсэргүүцлээ илэрхийлж байсан удаатай.

Залуусын дунд нөлөө бүхий уран бүтээлчид ийнхүү улс төрийн эмзэг сэдэв болох цагаачлалын бодлогын талаар байр сууриа илэрхийлж байгаа нь АНУ-ын нийгэм дэх үзэл бодлын ялгааг дахин нэг удаа тодотгож байна. Одоогоор Цагаан ордны зүгээс энэхүү шүүмжлэлийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.