Криптовалютын зах зээл дэх нөлөө бүхий хөрөнгө оруулагч, BitMEX биржийг үүсгэн байгуулагч Артур Хэйс Worldcoin (WLD) төслийн эргэн тойронд томоохон шуугиан тарилаа. Тэрээр өөрийн эзэмшиж байсан бүх WLD токеноо зарж борлуулснаа мэдэгдсэний дараа тус зоосны ханш 20 хувиар унаж, хөрөнгө оруулагчдыг сандаргав.
Артур Хэйс нь Maelstrom хөрөнгө оруулалтын сангийн захирлаар ажилладаг бөгөөд крипто ертөнцөд өөрийн байр суурь, таамаглалаараа алдартай нэгэн юм. Сонирхолтой нь, тэрээр токеноо зарахаасаа ердөө нэг хоногийн өмнө "WLD-г үргэлжлүүлэн хадгална" хэмээн олон нийтийн сүлжээнд мэдэгдэж байсан. Гэвч ердөө 24 цагийн дараа шийдвэрээ эрс өөрчилсөн нь зах зээлд итгэл алдрах шалтгаан болжээ.
Хэйс энэхүү гэнэтийн үйлдлээ тайлбарлахдаа SpaceX компанийн хувьцааны графикийг дурдсан нь олны гайхшралыг төрүүлэв. Гэвч SpaceX-ийн хувьцаа нь одоогоор бирж дээр арилжаалагдаагүй, 6-р сарын 12-ноос эхлэн арилжаанд орох төлөвтэй байгаа юм. Түүний энэхүү хачин жигтэй тайлбар нь крипто сонирхогчдын дунд "зах зээлийг зориуд савлууллаа" гэх хардлагыг төрүүлээд байна.
Worldcoin төсөл нь ChatGPT-ийг бүтээгч Сэм Альтманы үүсгэн байгуулсан, нүдний солонгон бүрхэвчээр хэрэглэгчдийг таньж баталгаажуулдаг биометр технологид суурилсан төсөл юм. Энэхүү төсөл нь өндөр технологийн шийдэлтэй ч үнийн хувьд хэт савлагаатай байдаг нь хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэлтэй хэвээр байна.
Зах зээлийн шинжээчид Хэйс шиг нөлөө бүхий хүмүүсийн үг, үйлдэл хоёр зөрөх нь жижиг хөрөнгө оруулагчдад хэрхэн хохирол учруулдаг болохыг дахин нэг удаа санууллаа. Одоогоор WLD-ийн ханш уналтаасаа сэргэж чадах эсэх нь тодорхойгүй байна.