Алдарт дуучин Барри Манилоу Лас Вегас хот дахь тоглолтынхоо үеэр тайзыг дундаас нь орхин гарч, бронхитын улмаас хоёр ч тоглолтоо цуцалсан байна.
Өдгөө 83 настай уран бүтээлч хэдэн долоо хоногийн завсарлагааны дараа пүрэв гарагт (10-р сарын 8) Westgate Las Vegas Resort & Casino-ийн International Theater тайзнаа эргэн ирж, амжилттай тоглолт хийсэн байжээ. Гэвч баасан гарагийн тоглолтын үеэр тэрбээр хоёр дуу дуулсныхаа дараа үзэгчдэд хандан "Өөр хоорондоо ярилцаж байгаарай" хэмээн хэлээд тайз руу эргэж ирээгүй гэж мэдээлсэн байна. Vital Vegas-ийн мэдээлснээр түүний хамтлаг дан хөгжмөө үргэлжлүүлэн тоглосон бөгөөд дараа нь чанга яригчаар тоглолт дууссаныг зарлажээ. Үзэгчид ч Ticketmaster-ээс төлбөр буцаан олгох тухай и-мэйл хүлээн авсан гэдгээ хуваалцсан байна.
Үүний дараа бямба гарагт товлогдсон тоглолт бүрэн цуцлагджээ. Дуучин болон тус газрын төлөөлөгч Variety-д өгсөн мэдээлэлдээ "Пүрэв гарагийн гайхалтай тоглолтын дараа Барри бронхитоор өвчилж, улмаар баасан болон бямба гарагийн тоглолтуудаа цуцлахад хүрсэн" гэжээ. Энэхүү өвчин нь Манилоугийн хувьд онцгой ач холбогдолтой юм. Учир нь тэрбээр 2025 оны 12-р сард уушгины хорт хавдрын эрт үе шатанд оношлогдсоноо зарлаж байсан бөгөөд бронхитоос эдгэрч байх үед хийсэн шинжилгээгээр уг хавдрыг илрүүлж, дараа нь мэс засалд орж байжээ.
Эрүүл мэндийн эдгээр асуудлаас шалтгаалан анх хоёрдугаар сард эхлэх ёстой байсан Westgate дэх түүний тоглолтууд удаа дараа хойшлогдсон ч Их Британид тоглолт хийж, долдугаар сард Вегасын тайзнаа буцан ирсэн юм. Улмаар наймдугаар сарын сүүлээр хэт ачаалалтай зуны хуваарийн дараа дахин завсарлага авч байгаагаа зарлаж байв. Харин 10-р сарын 15-наас үргэлжлэхээр төлөвлөгдсөн дараагийн тоглолтууд цуцлагдах эсэхийг түүний багийнхан одоогоор мэдэгдээгүй байна.
Бүх цаг үеийн хамгийн амжилттай уран бүтээлчдийн нэг Барри Манилоу дэлхий даяар 85 сая гаруй бичлэг (records) борлуулжээ. Тэрбээр 1975 онд "Mandy" дуугаараа анх Billboard Hot 100 жагсаалтыг тэргүүлж байсан бөгөөд "I Write the Songs", "Looks Like We Made It", "Copacabana (At the Copa)" зэрэг олон арван шилдэг бүтээл туурвисан юм. Түүний Westgate дэх нийт тоглолтын тоо домогт Элвис Преслигийн амжилтыг давсан билээ.