Биткойны ханш зургаадугаар сараас хойш анх удаа 72,000 ам.долларын босгыг давлаа. Пүрэв гарагийн байдлаар тус криптовалютын үнэ 72,207 ам.долларт хүрч, даваа гарагаас хойш бараг 15 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Блокчэйн шинжилгээний Glassnode компанийн мэдээлснээр энэхүү өсөлт нь сүүлийн 30 хоногийн хэлбэлзэлтэй харьцуулахад 2023 оны аравдугаар сараас хойших хамгийн хүчтэй өсөлтийн шок болжээ.

Сангийн яам болон Трампын нөлөө

Энэхүү огцом өсөлтөд АНУ-ын Сангийн яам болон Ерөнхийлөгч Дональд Трампын крипто салбарт чиглэсэн мэдэгдлүүд гол түлхэц боллоо. 30 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 5.34 хувьд хүрч, 2007 оноос хойших дээд түвшинд очсоны дараа Сангийн яамнаас 10-аас 30 жилийн хугацаатай үнэт цаасны эргүүлэн худалдан авалтын дээд хэмжээг нэг удаад 2 тэрбум байсныг 4 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлнэ гэж наймдугаар сарын 19-нд зарласан юм. Үүний үр дүнд бондын өгөөж буурч, хөрөнгө оруулагчдад ирэх дарамт зөөлөрснөөр зуны турш 67,000 ам.долларын орчимд гацсан байсан Биткойны ханш өсөж эхэлжээ.

Үүний дараа Цагаан ордонд крипто салбарын төлөөлөлтэй уулзах үеэрээ Дональд Трамп тус салбарын хууль эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох зорилготой CLARITY хуулийн төслийг дэмжихийг хууль тогтоогчдод уриалсан байна. Сенатын түвшинд уг хуулийн төслийн процедурын санал хураалт есдүгээр сарын 15-нд болохоор төлөвлөгдөөд байгаа бөгөөд цааш явахын тулд 60 санал шаардлагатай юм. Мөн уулзалтын үеэр Засгийн газрын крипто нөөцийг нэмэгдүүлэх боломжийн талаар яригдсан ч худалдан авалт хийх албан ёсны шийдвэр хараахан гараагүй байна.

3.1 тэрбум ам.долларын шорт позиц шатав

Ханшийн огцом өсөлт нь үнэ унана гэж бооцоо тавьсан арилжаачдад хүнд цохилт боллоо. CoinGlass-ийн мэдээллээр сүүлийн 24 цагийн хугацаанд крипто зах зээл дээрх 3.1 тэрбум гаруй ам.долларын богино (short) арилжаа хүчээр хаагдсан бол урт (long) арилжааны хаалт 277 сая орчим ам.доллароор хэмжигджээ.