АНУ-ын Кливлендийн Холбооны нөөцийн банкны ажлын хүрээнд хийгдсэн туршилтаар Биткойны өнгөрсөн хугацааны үнийн өсөлт нь хүмүүсийн ирээдүйн өгөөжийн хүлээлтийг өсгөж, шинэ худалдан авагчдыг татах нөлөөтэй байж болохыг тогтоожээ.

Туршилтын үр дүн ба хүлээлтийн өөрчлөлт

Майкл Вебер, Бернардо Кандиа, Оливье Койбион, Юрий Городниченко нарын бэлтгэсэн “Do You Even Crypto, Bro? Cryptocurrencies in Household Finance” нэртэй урьдчилсан судалгааны тайланд дурдсанаар, Биткойны өмнөх 12 сарын өгөөж болон үнийн графикийг харсан оролцогчид криптовалютын талаар илүү өөдрөг төсөөлөлтэй болсон байна. Тэд дараагийн судалгаанд крипто эзэмшиж буйгаа мэдээлэх магадлал ойролцоогоор 2.5 хувиар өндөр байжээ.

Туршилтаас өмнө оролцогчдын 11 орчим хувь нь крипто эзэмшиж байсан бөгөөд уг 2.5 хувийн өсөлт нь эзэмших магадлал нийт дүнгээрээ 23 орчим хувиар нэмэгдсэнтэй тэнцэж буйг судлаачид онцолсон байна. Мөн уг хандлага криптовалютын талаарх мэдлэг хязгаарлагдмал хүмүүст хамгийн хүчтэй илэрсэн нь үнийн өсөлтийн мэдээлэл энэ талын тодорхой байр суурь хараахан бүрдээгүй хүмүүст илүү хүчтэй нөлөөлж болзошгүйг харуулж байна.

Мэдээлэл хөрөнгө хуваарилалтад хэрхэн нөлөөлсөн бэ?

2025 оны хоёрдугаар улиралд явагдсан уг туршилтаар оролцогчдыг санамсаргүй байдлаар бүлгүүдэд хуваан санхүүгийн өөр өөр мэдээлэл өгчээ. Биткойн өмнөх 12 сард 14.3%-ийн өгөөжтэй байсныг сонссон бүлгийн ирэх жилийн өгөөжийн хүлээлт хяналтын бүлгээс 3.2 нэгж хувиар, харин үнийн график харсан хүмүүсийнх 1.2 нэгж хувиар тус тус өссөн байна.

Энэхүү хүлээлтийн өөрчлөлт нь тэдний хөрөнгө оруулах хүсэлд шууд нөлөөлж, багцдаа криптод хуваарилахыг хүссэн хэмжээ хяналтын бүлгийн дундаж болох 4.3%-аас дахин 2 орчим нэгж хувиар нэмэгджээ. Оролцогчид энэхүү нэмэлт эх үүсвэрийг харилцах, хадгаламж эсвэл бэлэн мөнгөний данснаасаа шилжүүлэх хандлагатай байв.

Судлаачид дараа нь оролцогчдоос дахин судалгаа авахад Биткойны өгөөжийн мэдээлэл авсан хүмүүс крипто эзэмших магадлал 2.41 нэгж хувиар, харин график харсан хүмүүсийнх 2.48 нэгж хувиар өндөр гарчээ. Энэхүү судалгааны дүгнэлт нь зөвхөн зохиогчдын хувийн байр суурь бөгөөд Холбооны нөөцийн банкны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй болохыг тайланд дурдсан байна.