Хошой мейжор аварга, алдарт гольфчин Брайсон ДеШамбо (Bryson DeChambeau) саяхан болсон Индианаполисын шувтаргын тоглолтын дараа LIV Golf лигийг орхиж магадгүй гэх яриа гарлаа. Тэрбээр Chatham Hills клубт пүрэв гарагт очих үед түүний гэрээний хугацаа дуусаж байсан бөгөөд лигийн ирээдүй ч тодорхойгүй байдалд байсан юм.

ДеШамбо өөрийн Instagram хуудсандаа тус лигт түрүүлсэн зургуудаа нийтэлж, “Энэ сайхан үе байлаа” (It was a good run) хэмээн бичсэн нь шүтэн бишрэгчдийнх нь анхаарлыг татав. Хэдийгээр тэрбээр лигээс гарч байгаагаа албан ёсоор батлаагүй ч уг бичвэр нь түүний цаашдын алхмыг битүүхэн илэрхийлсэн байж болзошгүй гэж үзэж байна.

Тэрбээр пүрэв гарагт үг хэлэхдээ гольфын хүрээнийхэнд LIV лигийг шууд үгүйсгэлгүй, цаашид өөрийгөө батлах боломж олгохыг уриалж байсан юм. Үүний зэрэгцээ The Athletic хэвлэлд мэдээлснээр, 2022 оны 6-р сард уг лигт нэгдсэн ДеШамбо цаашид үлдэхийн тулд 500 сая ам.долларын гэрээний сунгалт авахыг зорьж байсан (seeking) аж. Гэвч лигийн өнөөгийн нөхцөл байдалд түүнд хагас тэрбум ам.доллар өгөх боломжгүй байсан байж магадгүй байна.

ДеШамбо мөн Masters-ийн долоо хоногийн үеэр өөр байгууллагуудтай хамтран ажиллах боломжоо судалсан ч энэ талаар тодорхой мэдээлэл гараагүй байна. Түүнчлэн тэрбээр YouTube сувагтаа олон дагагчтай болсон тул сошиал контентдоо илүү анхаарч, зөвхөн гольфын дөрвөн том мейжор тэмцээнд тоглох хувилбар ч байж болох юм. Түүнээс гадна туршлагатай гольфчин Иан Поултер лигт үлдэх эсэхдээ эргэлзэж буйгаа илэрхийлсэн тул зөвхөн ДеШамбо ч бус өөр тамирчид ч явах талаар бодож байж болзошгүй байна.

Одоогоор LIV лиг нь санхүүгийн болон бүтцийн хувьд шинэчлэл хийж, тамирчид лигийн хувьцааг эзэмших “LIV 2.0” үе шатыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа ч ДеШамбогийн цаашдын замнал хэрхэх нь цаг хугацааны асуудал болоод байна.