Америкийн залуу дуучин, поп од Грэйси Абрамс сүүлийн үед дэлхийн хэвлэлүүдийн анхаарлын төвд байгаа "Gladiator II" киноны од, Ирландын жүжигчин Пол Мескалтай үүсгэсэн харилцааныхаа талаар анх удаа ам нээлээ. "Billboard" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр нэр алдартай хүмүүсийн хайр дурлалын харилцаа олон нийтийн анхаарлыг хэт их татаж, хувийн орон зайг нь хумслах вий гэж эмээж байснаа нуусангүй.
Грэйси Абрамс хэлэхдээ, "Бидний харилцаа миний уран бүтээл, дуу бичих үйл явцад сөргөөр нөлөөлөх вий гэж их санаа зовж байсан. Учир нь хайр дурлал гэдэг зүйл заримдаа бүтээлч байдлыг минь бүрхэгдүүлж, анхаарлыг минь сарниулдаг гэж боддог байсан юм" хэмээжээ. Гэвч тэдний харилцаа эсрэгээрээ түүнд илүү тогтвортой, тайван амьдралын хэмнэлийг авчирсан байна.
Хосууд олны нүднээс далд, маш энгийн амьдралыг эрхэмлэдэг бөгөөд Грэйси үүнийгээ "бидний хувьд хамгийн чухал зүйл" хэмээн тодотгосон юм. Пол Мескал бол өдгөө Холливудын хамгийн эрэлттэй залуу жүжигчдийн нэг бөгөөд түүнийг "Normal People" цувралаар нь монгол үзэгчид ч мөн андахгүй. Харин Грэйси Абрамс нь өөрийн сэтгэл хөдлөлөөр дүүрэн дуунуудаараа поп ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг хэдийнэ эзэлсэн авьяаслаг уран бүтээлч юм.
Ийнхүү олны танил хоёр уран бүтээлч хувийн амьдралаа хэрхэн нууцалж, уран бүтээлээсээ ангид байлгахыг хичээж байгаа нь тэдний шүтэн бишрэгчдийн дунд халуун сэдэв болоод байна. Грэйсигийн хувьд одоо тэрээр хайр дурлал болон ажил мэргэжлийнхээ тэнцвэрийг олж, илүү өөртөө итгэлтэйгээр шинэ уран бүтээлүүд дээрээ ажиллаж байгаа аж.