UFC байгууллагатай нягт хамтран ажилладаг контент бүтээгч Нина Драма (Нина Мари Даниеле) өөрийг нь дагаж мөшгисөн этгээдээс болж асуудалд ороход UFC-ийн гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхийлөгч Дана Уайт тусалсан талаар саяхан хуваалцжээ.
Тэрбээр хүнд жингийн тулаанч Гейбл Стивсонтой хийсэн шууд дамжуулалтынхаа үеэр хэлэхдээ, түүний утасны дугаар цахим сүлжээнд задарсны дараа нэгэн этгээд зогсолтгүй залгаж, таагүй мессежүүд болон картелийн толгой тасдаж буй аймшигтай бичлэгүүдийг илгээж эхэлсэн байна. Асуудал улам даамжирсан тул тэрбээр Дана Уайтад ханджээ.
Нина Драмагийн ярьснаар, Дана Уайтад хэлсний дараахан терроризмтой тэмцэх албаныхан түүн рүү холбогдож, гэрт нь ирж мэдээлэл авсан байна. Улмаар дараагийн өдрийн өглөө гэхэд тухайн этгээдийг олж тогтоон, Лас-Вегас руу ирүүлэхгүйн тулд нислэг үйлдэхийг хориглосон жагсаалтад (no-fly list) оруулсан тухай Нина дурджээ. 37 настай контент бүтээгч өөрийн нийтэлсэн бичлэгийн тайлбартаа хэдэн жилийн өмнө тохиолдсон уг явдлыг дурдаад, тусалсанд нь Дана Уайтад талархаж буйгаа илэрхийлсэн байна.
Энэхүү үйл явдал нь Нина Драма UFC-ийн удирдлагатай ямар ойр харилцаатай болсныг харуулж байна. Дана Уайт өмнө нь Нинаг шүүмжилсэн цахим сүлжээний сэтгэгдлүүдэд хариу өгч, түүнийг хэвлэл мэдээллийнхнээс илүү сайн ажилладаг хэмээн өмгөөлж байсан юм.