Фитнесс сонирхогчид уураг эсвэл креатин хэрэглэхээс гадна бэлтгэлийн үр дүнгээ сайжруулах шинэ аргыг туршиж үзэх боломжтой боллоо. Fast Company-ийн мэдээлснээр, Frontiers of Physiology сэтгүүлд хэвлэгдсэн шинэ судалгаа нь хар шоколадны үнэр болон биеийн тамирын гүйцэтгэлийн хоорондох холбоог судалжээ.

Судалгаанд оролцсон 23 эрэгтэй хөлний дасгал хийх явцдаа 90 хувийн хар шоколад, 60 хувийн сүүн шоколад эсвэл ус үнэрлэсэн байна. Оролцогчид бэлтгэлийн өмнө болон үеэр үнэрлэх даалгавар авсан бөгөөд үр дүнд нь 90 хувийн хар шоколад үнэрлэсэн хүмүүс ус үнэрлэсэн хүмүүстэй харьцуулахад 18-аар илүү давталт хийжээ. Харин сүүн шоколад үнэрлэхэд давталтын тоо 9-өөр нэмэгдсэн байна.

Судлаачид шоколадны найрлага дахь флавоноид нэгдэл нь тархи болон судасны эрүүл мэндэд тустай байж болохыг онцолсон ч, үнэрлэх мэдрэмжээр дамжуулан биеийн тэсвэр тэвчээрт нөлөөлөх нь тодорхойгүй хэвээр байгааг тэмдэглэжээ. Мөн хар шоколадны үнэр нь өлсөх мэдрэмжийг бууруулахад нөлөөлсөн бол сүүн шоколадны үнэр нь оролцогчдод илүү тааламжтай санагдсан байна.

Энэхүү судалгаа нь оролцогчдын тоо цөөн байсан зэрэг хязгаарлагдмал талуудтай ч, үнэрлэх мэдрэмж нь хоолны дуршил болон сэтгэл зүйн хариу урвал, улмаар дасгалын гүйцэтгэлд хэрхэн нөлөөлдгийг судлах чиглэлээр хийгдсэн ажил юм. Одоогоор эрдэмтэд лаванда болон гаа зэрэг бусад үнэрийн нөлөөг ч мөн судалж байна.