80 насандаа таалал төгссөн алдарт дуучин Долли Партон 60 гаруй жилийн уран бүтээлийн замналдаа алдар хүндийг олсон ч хэзээ ч тусгайлан поп урсгал руу орох зорилго тавьж байгаагүй гэдгээ илэрхийлж байжээ. Billboard-ийн “Pop Shop Podcast”-ийн шинэ дугаарт түүний поп хөгжимтэй холбогдсон түүх, кроссовер хитүүд болон өөрийн загалмайлсан охин Майли Сайрустай хийсэн хамтын бүтээлийн талаар онцолсон байна.

Тэрээр 1977 онд өөрийн хамгийн их поп хэв маягтай бүтээлүүдийн нэг болох “Here You Come Again” дуугаа гаргах үеэрээ “Country Music” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хөгжмийн төрөл жанрын талаар тодорхой хариулж байжээ. Партон тухайн үед: “Би поп урсгал руу орно гэж хэзээ ч бодож байгаагүй. Цаг хугацааны эрхээр кроссовер хийж, поп урсгал руу орох байх. Гэхдээ би өөрийнхөөрөө, өөрийн хөгжмөөрөө л тийш очно. Өөр хэн нэгэн болох гэж хичээхгүй” хэмээн ярьж байв.

Мөн тэрээр: “Хэрэв миний хөгжимд ямар нэг тодорхойлолт хэрэгтэй бол би үүнийг кантри л гэж нэрлэнэ. Учир нь би кантри хүн. Та өөрийн байгаа мөн чанараа орхиж чадахгүй. Гэхдээ би үүнийг үнэндээ ‘Долли Партоны хөгжим’ гэж нэрлэхийг илүүд үзнэ” хэмээн онцолж байжээ.

Одоогийн байдлаар түүний шилдэг дуунуудын түүвэр болох “Ultimate Dolly Parton” цомог Billboard 200 жагсаалтын 5-р байрт дахин орж ирээд байна. Мөн тус жагсаалтыг ENHYPEN хамтлаг анх удаагаа тэргүүлсэн бол Billboard Hot 100 жагсаалтад Элла Лэнглигийн “Choosin’ Texas” дуу 20 дахь долоо хоногтоо 1-р байрт бичигдэж, баярын бус дуунуудаас хамгийн олон долоо хоног тэргүүлсэн амжилтыг тогтоогоод байна.