АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эзэмшдэг Truth Social сошиал медиа платформ шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн нь олон нийтийн анхаарлыг татаж, ёс зүйн маргааныг дэгдээлээ. Тус компани өнгөрсөн бямба гарагаас эхлэн Трампын бичсэн сошиал постуудыг Уолл Стритийн худалдаачдад бусдаас түрүүлж харах боломжийг төлбөртэйгөөр санал болгож байна.
Энэхүү алхам нь Трампын компанид их хэмжээний ашиг авчрах боломжтой ч нөгөө талаас олон нийтэд эргэлзээ төрүүлж байна. Тодруулбал, төрийн өндөр албан тушаалтан өөрийн нөлөөг ашиглан хувийн ашиг хонжоо хайж байгаа эсэх, мөн энэ нь инсайдер арилжаа буюу дотоод мэдээлэл ашиглан давуу тал олж авах эрсдэлтэй эсэх талаарх асуултууд хөндөгдөж эхэллээ.
Бусад сошиал медиа компаниуд ч мөн адил мэдээллийн хурдтай урсгалыг худалдаалдаг хэдий ч, Трампын хувьд энэ нь улс төрийн өндөр албан тушаалтай холбоотой тул илүү их анхаарал татаж байна. Одоогоор энэхүү үйл ажиллагаа нь бизнесийн хүрээнд хэрхэн нөлөөлөх, мөн хууль эрх зүйн ямар үр дагавар авчрах нь тодорхойгүй байгаа бөгөөд уг асуудалтай холбоотой ёс зүйн шүүмжлэлүүд үргэлжилсээр байна.