Дэлхийн дуурийн урлагийн түүхэн дэх хамгийн аугаа төлөөлөгчдийн нэг, Италийн алдарт тенор Лучано Павароттиг бид гайхалтай хоолойгоор нь мэднэ. Гэвч түүний амьдралын бас нэгэн том хүсэл тэмүүлэл нь хөлбөмбөг байсныг тэр бүр хүн мэддэггүй. Тэгвэл энэ удаад Decca Classics студи 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг тохиолдуулан түүний дурсгалд зориулсан албан ёсны хөлбөмбөгийн өмсгөлүүдийг худалдаанд гаргахаар болжээ.

Лучано Паваротти амьд ахуйдаа хөлбөмбөгийн үнэнч хөгжөн дэмжигч байсан бөгөөд Италийн шигшээ багийн тоглолтуудыг алгасалгүй үздэг байсан төдийгүй олон алдартай хөлбөмбөгчидтэй дотно нөхөрлөдөг байсан юм. Түүний гэр бүлийнхэн “Лучано асар их хүсэл тэмүүлэлтэй хүн байсан бөгөөд хөлбөмбөг бол түүний хувьд хамгийн хайртай зүйлсийнх нь нэг байсан” хэмээн дурссан байна.

Энэхүү шинэ өмсгөлүүд нь Павароттигийн урлагийн замнал болон хөлбөмбөгийн соёлыг хослуулсан өвөрмөц загвартай бөгөөд хөгжим сонирхогчид болон спортын хорхойтнуудад зориулагджээ. Decca Classics-ийн зүгээс энэхүү төсөл нь дуурийн хааныг спортын талбарт дахин нэг удаа “тоглуулах” боломж олгож буй хэрэг хэмээн онцолсон байна.

2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг угтсан энэхүү сонирхолтой хамтрал нь дуурийн урлаг болон спортын ертөнцийг нэгтгэж, Павароттигийн өв соёлыг илүү өргөн хүрээнд таниулах зорилготой юм. Хэрэв та сонгодог хөгжимд хайртай, зүрх сэтгэлдээ хөлбөмбөгийн гал цогтой бол энэхүү өмсгөл таны цуглуулгад байх ёстой зүйлсийн нэг байх нь дамжиггүй.