Хөлбөмбөгийн хорхойтнуудын хүсэн хүлээдэг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ойртсоор байна. Үүнтэй холбогдуулан тэмцээнийг угтсан өвөрмөц тоглолтууд зохион байгуулагдах гэж байгааг Billboard мэдээллээ. Тодруулбал, 6-р сарын 10-нд Мексик хот, Торонто, Лос-Анжелес зэрэг хотуудад нэгэн зэрэг томоохон арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд үүнд дэлхийд алдартай уран бүтээлчид оролцох юм.

Энэхүү тоглолтод Италийн алдарт дуурийн дуучин Андреа Бочелли, Мексикийн алдартай "cumbia" урсгалаар тоглодог "Los Ángeles Azules" хамтлаг болон цахилгаан бүжгийн хөгжмийн ертөнцөд тэргүүлэгч "Major Lazer" төсөл хамтран тайзнаа гарах гэж байгаа нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Андреа Бочелли нь сонгодог хөгжмийн ертөнцийн домгуудын нэг бол, Major Lazer нь Дипло (Diplo)-гийн үүсгэн байгуулсан, дэлхий даяар хит дуунуудаараа танигдсан электрон хөгжмийн хамтлаг юм.

Энэхүү гурван хот нь 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтуудыг хүлээн авах гол төвүүд болох юм. Тиймээс энэхүү тоглолт нь зөвхөн хөгжим сонирхогчдод төдийгүй спортын хорхойтнуудад зориулсан томоохон бэлэг болж байна. Хөгжмийн олон төрөл жанрыг нэгтгэсэн энэхүү арга хэмжээ нь дэлхийн хэмжээний хөлбөмбөгийн баярыг эхлүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.