АНУ-ын алдарт инээдмийн жүжигчин, “Seinfeld” цувралаараа дэлхий дахинаа танигдсан Жерри Сайнфелд саяхан Нью-Йорк Никс багийн сагсан бөмбөгийн тоглолтын үеэр нэгэн нөлөөлөгчтэй (influencer) таарч, улс төрийн шинжтэй маргаан үүсгэжээ.
Тоглолтын дараа Жерри Сайнфелд ордны гадаа байхад нь нэгэн идэвхтэн түүн рүү дөхөж очин, Палестины асуудлаар байр суурийг нь асуусан байна. Энэ үеэр жүжигчин эр “Палестин гэж байхгүй” хэмээн хариулсан нь дүрс бичлэгт үлдэж, олон нийтийн сүлжээгээр хурдтай тархав.
Жерри Сайнфелд нь Израил улсыг олон жилийн турш ил тод дэмжиж ирсэн нэгэн бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард Хамас бүлэглэл халдлага үйлдсэний дараа Израилд биечлэн очиж, хохирогчдын гэр бүлтэй уулзаж байсан юм. Түүний энэхүү байр суурь нь Палестин-Израилын мөргөлдөөнийг эсэргүүцэгчид болон түүнийг дэмжигчдийн дунд хүчтэй маргаан үүсгээд байна.
Түүний хэлсэн үг нь нийгмийн сүлжээнд янз бүрийн хариу үйлдэл авч байна. Зарим хүмүүс түүнийг Израилд хэт туйлширсан байр суурь баримталж байна хэмээн шүүмжилж байгаа бол, зарим нь түүнийг өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж үзэж байгаа юм. Одоогоор жүжигчний зүгээс энэ явдлын талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.