Дэлхийн кино урлагийн нэрт төлөөлөгч, "Jurassic Park" киноны доктор Алан Грантын дүрээрээ олонд танигдсан жүжигчин Сэм Нилл 78 насандаа таалал төгсөв. Тэрээр Австралийн Сидней хотод гэр бүлийнхнийхээ халуун хайр, хүндэтгэл дунд амьсгал хураажээ.
Түүний албан ёсны Instagram хуудсанд мэдээлснээр, жүжигчин маань гэнэтийн байдлаар таалал төгссөн байна. Сэм Нилл нь 2023 онд лимфомын хорт хавдраар оношлогдож, химийн эмчилгээ хийлгэж байсан ч 2026 оны дөрөвдүгээр сард өвчнөө бүрэн ялснаа зарлаж байсан юм. Хэдийгээр тэрээр хорт хавдраас ангижирсан байсан ч ийнхүү гэнэтийн харамсалтай явдал тохиолдсонд гэр бүлийнхэн нь гүн эмгэнэл илэрхийлж, хувийн орон зайг нь хүндэтгэхийг хүсжээ.
Хойд Ирландад төрж, Шинэ Зеландад өсөж торнисон тэрээр таван арван жилийн турш "The Piano", "Peaky Blinders", "The Hunt for Red October", "Event Horizon" зэрэг олон арван бүтээлд тоглож, үе үеийн үзэгчдийн хайрыг татсан билээ.
Түүнийг таалал төгссөн мэдээ цацагдсаны дараа олон улсын нэр хүндтэй уран бүтээлчид болон улс төрчид эмгэнэл илэрхийлсээр байна. Жүжигчин Ричард Э. Грант түүнийг "жинхэнэ ноёнтон" хэмээн дурссан бол "Jurassic World Dominion" киноны найруулагч Колин Треворроу түүнийг "сэтгэлийн гүн, үзэсгэлэнтэй хүн" хэмээн тодорхойлжээ. Мөн Шинэ Зеландын Ерөнхий сайд асан Жасинда Ардерн болон одоогийн Ерөнхий сайд Кристофер Люксон нар түүнийг кино урлагийн салбарын агуу төлөөлөгчдийн нэг байсныг онцлон дурссан байна.