UFC-ийн хоёр өөр жингийн аварга асан, Испани-Гүрж гаралтай тулаанч Илиа Топуриа Гүржийн Тбилиси хотод зохион байгуулагдсан RKENA x PFL арга хэмжээнд гэнэтийн зочноор оролцлоо. Тэрбээр октагонд тулалдаагүй ч түүнийг харсан мянга мянган хөгжөөн дэмжигчид нэрийг нь дуудан халуун дотноор хүлээн авсан байна.
Мэргэжлийн замналдаа анхны ялагдлаа хүлээгээд буй 'El Matador' хочит Топуриа ийнхүү олны өмнө эргэн гарч ирж байгаа аж. Тэрбээр UFC-д эргэн ирэх бэлтгэлээ эх орондоо боксын тамирчин Лаша Гурули болон барилдааны дасгалжуулагч Бека Гурули нарын удирдлага дор хийж байна.
Усман Нурмагомедовын зүгээс ирсэн шүүмжлэл
Топуриа уг арга хэмжээнд зөвхөн зочны хувиар очсон хэдий ч PFL холбооны хөнгөн жингийн аварга Усман Нурмагомедов түүнийг шүүмжилсэнтэй холбоотойгоор олны анхаарлыг ихээхэн татлаа. Саяхан Archie Colgan-ийг эхний үед хүнд цохилтоор буулган авч, карьерынхаа ялагдашгүй амжилтыг 22-0 болгосон Дагестан тулаанч Топуриаг хөнгөн жингийн шилдэгт тооцогдох хэмжээний амжилт үзүүлээгүй хэмээн мэдэгдсэн юм.
Усман Нурмагомедов MMA Fighting-д өгсөн ярилцлагадаа: “Илиа Топуриа хэрхэн дэлхийн шилдэг хөнгөн жингийн тулаанч байж чадах юм бэ? Тэр энэ жинд ганцхан тулаан хийсэн. Харин би хөнгөн жинд 19 тулалдаж, аварга асан тулаанчдыг ялсан. Миний амжилт түүнийхээс хамаагүй илүү гэж бодож байна” гэжээ.
Цаашдын төлөв
PFL-тэй хийсэн гэрээ нь дууссан Усман Нурмагомедов одоогоор чөлөөт агент болоод байгаа бөгөөд UFC-д шилжих боломжтой талаар яригдаж байна. Нөгөө талд Жейк Пол болон Most Valuable Promotions-ийн дэмжлэгтэй PFL холбоо түүнийг авч үлдэхийн тулд өндөр дүнтэй санал тавих төлөвтэй байгаа аж.
Мөн Усманы менежер Али Абдел-Азиз өөрийн үйлчлүүлэгчээ Топуриаг дөрвөн үеийн дотор дуусгана хэмээн X сүлжээндээ бичжээ. Гэсэн ч энэхүү тулаан болох эсэх нь тодорхойгүй байна. Түүний багийн анд, UFC-ийн хагас дунд жингийн аварга Ислам Махачев ч UFC уг аваргыг элсүүлэх хангалттай мөнгө санал болгож чадах эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ.