Дэлхийн тэрбумтан Илон Маскийн эзэмшдэг X буюу хуучнаар Twitter сошиал медиа компани өөрийн платформ дээрээ банкны үйлчилгээтэй төстэй шинэ бүтээгдэхүүнийг танилцууллаа. X Money нэртэй энэхүү үйлчилгээ нь хэрэглэгчдэд нэг нэгэн рүүгээ мөнгө шилжүүлэх боломжийг олгож байна.

Тус компани X Money нь шинэ банк биш гэдгийг тодотгожээ. Уг үйлчилгээ нь Cross River Bank-ны технологи болон банкны үйлчилгээг ашиглан хэрэгжиж байгаа бөгөөд X компани нь энэхүү дэд бүтцийг өөрийн брэндээр дамжуулан зах зээлд гаргаж байна.

Санхүүгийн салбарт шинээр нэвтэрч буй компаниудын хувьд өөрийн гэсэн банкны лиценз авах нь цаг хугацаа их шаардсан, өндөр өртөгтэй үйл явц байдаг. Иймээс тэд уламжлалт банкны дэд бүтцийг түшиглэн үйлчилгээгээ эхлүүлэх нь түгээмэл үзэгдэл юм. Одоогоор X Money үйлчилгээ нь зөвхөн урилгаар ашиглах боломжтой хэлбэрээр туршигдаж байна.