Тесла компани олон нийтэд зориулсан бүрэн автомат жолоодлоготой анхны такси болох Cybercab загварынхаа урьдчилсан захиалгыг саяхан авч эхэлсэн нь цахим орчинд багагүй маргаан дагуулаад байна.
Хоёр хүний суудалтай, 20 гаруй куб-фут ачааны багтаамжтай энэхүү бүрэн автомат машин нь 29,990 ам.долларын үнээр худалдаалагдахаар тайлагнаад буй юм. Энэ нь Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маскийн 2024 оны "We, Robot" арга хэмжээн дээр Cybercab-ийн үйлдвэрлэлийг 2027 оноос өмнө эхлүүлж, 30,000 доллароос доош үнэтэй байна хэмээн амлаж байсантай нийцэж буй хэрэг юм. Гэвч хүн бүр түүнийг амлалтаа бүрэн биелүүлсэн гэж үзэхгүй байна.
Толгойгоо хусах мөрий ба захиалга
Технологи, автомашины нэрт тоймч, алдарт юүтүбэр Маркиз Браунли (Marquees Brownlee) 2024 оны тухайн арга хэмжээнд оролцох үеэрээ Маскийн хэлсэн хугацаанд тун эргэлзэж байсан бөгөөд хэрэв хүргэлтийн хугацаа болон үнийн нөхцөл биелбэл толгойгоо хусна хэмээн амлаж байжээ. Харин одоо тэд Маскийг тус мөрийд ялсан эсэх талаар олон нийтийн сүлжээнд маргалдаж байна.
Маск түүнийг толгойгоо хусахгүй байна хэмээн "хулчгар" (chicken) гэж дуудсаны хариуд Браунли өөрийн мөнгөөр Cybercab загварыг урьдчилан захиалжээ. Тэдний маргааны гол цэг нь зөвхөн урилгаар олгож буй эрт захиалгыг олон нийтэд бүрэн хүрсэн гэж үзэх үү, мөн анхны хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөсөн 12-р сарын хугацаандаа Тесла амжиж чадах уу гэдэгт оршиж байна. Хэрэв хүргэлт 2027 он руу хойшилбол Маскийн амлалтын нөхцөл хүчингүй болох юм.
Cybercab-ийн хязгаарлалтууд болон өртөг
Энэхүү маргаанаас гадна Cybercab-ийн ашиглалтын өндөр зардал болон хиймэл хязгаарлалтууд олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Худалдан авалтын гэрээний нөхцөлөөр бол уг машиныг одоогоор зөвхөн хувийн хэрэгцээнд унах боломжтой бөгөөд ашиглаагүй үедээ роботакси болгон мөнгө олох боломжгүй аж. Мөн автомат жолоодлогыг ажиллуулах сарын хураамж нь 299 ам.доллар байгаа нь бараг хоёр дахь машин лизингээр авсантай дүйцэх өртөг юм.
Түүнчлэн Cybercab нь одоогоор Техас болон Флорида мужийн цөөн хэдэн хот дахь Теслагийн идэвхжүүлсэн тусгай бүсүүдэд л (geofence) ажиллах боломжтой байгаа нь томоохон саад болж байна. Маск эдгээр хязгаарлалтууд төвөгтэй байгааг хүлээн зөвшөөрсөн бөгөөд зохицуулагч байгууллагуудын зөвшөөрлийг авахын хэрээр тус боломжууд улс даяар нээгдэнэ гэж амлажээ.