Ажлын байран дахь имэйл харилцаанд түгээмэл хэрэглэгддэг зарим үг, хэллэгүүд хүлээн авагчид далд халдлага (passive-aggressive) мэт санагдаж, бухимдал төрүүлдэг болохыг шинэ судалгаа харууллаа.

Имэйл баталгаажуулалтын ZeroBounce платформ Америк болон Европын 2000 мэргэжилтний дунд судалгаа явуулж, имэйлийн үг хэллэгийг хүмүүс хэрхэн хүлээж авдаг талаар судалжээ.

Хамгийн далд халдлагатай хэллэгүүд

Судалгаанд оролцогчдын 21 хувь нь "Just to be clear" (Тодорхой болгоход) гэх хэллэгийг хамгийн их далд халдлагатай хэмээн нэрлэж, жагсаалтыг тэргүүлсэн байна. Үүний дараа "Per my last email" (Миний өмнөх имэйлд дурдсанаар) гэх үг 14 хувиар орсон бол "Kindly note" болон "As previously discussed" (Өмнө нь ярилцсаны дагуу) гэсэн хэллэгүүд тус бүр 10 хувийн санал авчээ.

Түүнчлэн "Just checking in", "Not sure if you saw this", "Going forward", "For future reference", "Friendly reminder" зэрэг үгс хамгийн их таагүй сэтгэгдэл төрүүлдэг жагсаалтад багтсан байна.

Хүмүүс өөрсдөө ийм утга илэрхийлэхийг зорьдоггүй ч зарим үгсийг өдөр тутмын ажилдаа зайлшгүй хэрэглэсээр байгаагаа хуваалцжээ. Үүнд "Thanks in advance", "Following up", "Just checking in", "Any updates" зэрэг хэллэгүүд багтсан байна.

ZeroBounce-ийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Ливиу Танасе энэ талаар тайлбарлахдаа: "Хүмүүс имэйл бичихдээ далд халдлага илэрхийлэх санаа агуулаагүй байж болох ч зарим үгс цаанаа бага зэргийн дайсагнасан өнгө аясыг мэдрүүлдэг. 'Just to be clear' үүний тод жишээ бөгөөд төвийг сахисан мэт сонсогдох авч судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь өөр утгаар ойлгодог" гэжээ.

Хамгийн их стресс үүсгэдэг үгс

Судалгаагаар зөвхөн бухимдал төрүүлээд зогсохгүй ажилтнуудад шууд стресс үүсгэдэг үгсийг мөн шалгаруулсан байна. Үүнд:

* "Need this ASAP" — 56 хувь
* "Can we chat?" — 40 хувь
* "Action required" — 34 хувь
* "Let's take this offline" — 27 хувь тус тус эзэлжээ.