АНУ-ын Лос-Анжелес хотоос гаралтай инди-поп MUNA хамтлагийн зорчиж явсан аялан тоглолтын автобус даваа гарагийн өглөө (10-р сарын 19) Калифорни мужийн Бёрбанк хотын ойролцоох I-5 хурдны зам дээр шатжээ. Энэхүү явдал нь хамтлаг Стэнфордын их сургуульд тоглолтоо хийснээс хэдхэн цагийн дараа болсон байна.

Хамтлагийн гишүүд цахим сүлжээндээ "Бидний олон хувийн эд зүйлс шатаж үрэгдсэн ч азаар бид бүгд эсэн мэнд байна" хэмээн мэдэгджээ. Калифорнийн замын эргүүлийн албанд уг галын дуудлага өглөөний 8:20 цагийн орчимд ирсэн бөгөөд автобусанд байсан бүх хүмүүс ямар нэгэн бэртэл гэмтэлгүйгээр амжиж гарч чадсан байна.

KTLA телевизийн агаарын бичлэгээс үзэхэд автобус, ялангуяа түүний хойд хэсэг галд их хэмжээгээр өртжээ. Мөн жолооч эхэндээ автобус шатаж байгааг анзаараагүй байсан бөгөөд дараа нь замын хажуу руу шахаж зогсоосон тухай тус телевиз мэдээлсэн байна. Ослын улмаас хурдны замын хэд хэдэн эгнээг түр хааж, даваа гарагийн өглөөний хөдөлгөөнд саатал үүсгэжээ. Галын шалтгааныг одоогоор шалгаж байгаа бөгөөд тодорхой болоогүй байна.

Кэти Гавин, Наоми МакФерсон, Жозетт Маскин нарын бүрэлдэхүүнтэй тус гурвал өнгөрсөн тавдугаар сард гарсан "Dancing on the Wall" цомгийнхоо Gets So Hot Tour аялан тоглолтыг хийж буй юм. Галын осол гарсан ч хамтлагийн дараагийн тоглолтууд цуцлагдах талаар ямар нэгэн мэдэгдэл гараагүй байна. Тэд лхагва гарагт (10-р сарын 21) Колорадо мужийн Ред Рокс задгай театрт, улмаар пүрэв гарагт Лос-Анжелест тоглохоор төлөвлөжээ.