АНУ болон Ираны хооронд зургаан сарын турш үргэлжилж буй мөргөлдөөн дэлхийн эрчим хүчний зах зээлд томоохон өөрчлөлтүүдийг авчирлаа. Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг нь зогссоноор дэлхий даяар шатахууны хомсдол үүсэж, үнэ огцом өсөв. Брент маркийн газрын тосны үнэ нэг торх нь 70 ам.доллароос давж, 126 ам.долларт хүрсэн тохиолдол ч гарчээ.
Энэхүү хямралын үеэр АНУ-ын газрын тосны аварга компаниуд болох Exxon Mobil болон Chevron асар их ашиг олсон байна. Тодруулбал, Техас мужид төвтэй Exxon Mobil хоёрдугаар улирлын ашгаа өмнөх оны мөн үеэс 105 хувиар өсгөж, 14.53 тэрбум ам.долларт хүргэжээ. Харин Хьюстонд төвтэй Chevron компанийн ашиг бараг дөрөв дахин нэмэгдэж, 12.07 тэрбум ам.доллар болсон нь өмнөх оны мөн үеэс 385 хувиар өссөн үзүүлэлт юм.
Хямралын үеийн ашиг ба шүүмжлэл
Дэлхийн олон улс оронд шатахууны хомсдол үүсэж, Австралид хязгаарлалт тогтоон, Шри Ланка, Балба зэрэг оронд засгийн газрын байгууллагууд үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байна. "Global Witness" байгууллагын төлөөлөгч Патрик Галейн хэлснээр, газрын тос үйлдвэрлэгчид энэхүү хямралыг ашиглан маш их ашиг олж байгаа нь дэлхий даяар хүнсний үнийн өсөлт, эрчим хүчний хомсдолд орсон сая сая хүний нөхцөл байдалтай харьцуулахад шударга бус байна гэв.
Эдгээр компаниуд өөрсдөө үнэ тогтоодоггүй, зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаардаг гэж тайлбарлаж байгаа ч АНУ-ын Конгрессын гишүүд асуудлыг хөндөж эхэллээ. Ардчилсан намын гишүүд 2026 оноос хойш газрын тосны компаниудын олсон хэт их ашгаас татвар авч, үүнийг хэрэглэгчдэд буцаан хуваарилах хуулийн төслийг өргөн барьжээ. Сенатор Шелдон Уайтхаус болон төлөөлөгч Ро Ханна нарын санаачилсан уг хуулиар өдөрт 300,000-аас дээш торх газрын тос олборлодог эсвэл импортолдог компаниудад онцгой татвар ногдуулахаар төлөвлөж байна.