Их Британи улс G7-ийн орнуудаас анх удаагаа дижитал хэлбэрийн төрийн бондыг гаргахаар төлөвлөж байгаа талаар CoinDesk мэдээллээ. Уг үнэт цаасыг 2027 оны эхэн гэхэд олон улсын томоохон банк болох HSBC-ийн Orion платформ дээр нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Энэхүү санаачилга нь Английн банк (BoE) болон Санхүүгийн зохицуулах байгууллага (FCA)-ын хамтран байгуулсан Дижитал үнэт цаасны туршилтын орчин (Digital Securities Sandbox)-ийн хүрээнд хэрэгжих юм. Тус төслийн гол зорилго нь дижитал технологийг ашиглан үнэт цаасны тооцоог хийх хугацааг богиносгож, гарах зардлыг бууруулах боломжийг туршиж үзэхэд оршиж байна.