Австралийн дуучин, жүжигчин Кайли Миноуг (Kylie Minogue) нь дэлхий дахинд “I Should Be So Lucky”, “Can't Get You Out of My Head” зэрэг хит дуугаараа танигдсан поп од юм. Тэрээр саяхан өгсөн ярилцлагадаа 2005 онд оношлогдсон хөхний хорт хавдартай тэмцсэн түүх нь түүний амьдралд өнөөдрийг хүртэл гүн гүнзгий нөлөө үзүүлсээр байгааг онцолсон байна.
Тэрээр “Энэ бол миний амьдралын нэг хэсэг хэвээрээ. Энэ нь намайг хэн бэ гэдгийг тодорхойлдог. Хорт хавдартай оношлогдсон нь надад маш том цочрол болсон. Үүнийг даван туулах амаргүй байсан ч би өөрийгөө маш их хичээсэн” гэж ярьжээ.
Кайли Миногийн тухай гурван ангит баримтат кино Netflix-ээр энэ сарын 20-нд гарч эхлэх бөгөөд түүний шинэ “Light Up” дуу ч мөн цацагдаж эхлэх юм байна. Баримтат кинонд түүний амьдрал, уран бүтээлийн замнал, хорт хавдартай тэмцсэн түүхийг дэлгэрэнгүй харуулах аж.
Кайли Миногийн түүх нь хорт хавдартай тэмцэж буй олон хүмүүст урам зориг өгч, тэднийг урагш тэмүүлэхэд нь тусална гэдэгт итгэлтэй байна.