АНУ-ын Калифорни муж ChatGPT-ийг бүтээгч OpenAI компанийг аюулгүй байдлын зохих хамгаалалтгүйгээр хиймэл оюуны загваруудыг хөгжүүлж, олон нийтийг аюулд оруулсан гэж буруутган шүүхэд өглөө. Мөн тус компанийг орон нутгийн хуулийн дагуу нийтийн амгалан тайван байдал, эрх ашгийг алдагдуулсан ("public nuisance") хэмээн үзэж байгаа аж.

Калифорни мужийн Дээд шүүхэд даваа гарагт гаргасан тус нэхэмжлэлд OpenAI-ийг хууль бус, шударга бус буюу залилангийн шинжтэй үйл ажиллагаа явуулж, шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн хэмээн дурджээ. Тодруулбал, хиймэл оюуны загваруудаа аюулгүй, хариуцлагатай хөгжүүлж байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлсэн мэдэгдэл хийсэн болон хүмүүсийг хамгаалах хангалттай арга хэмжээ авалгүйгээр туршилт явуулсан гэж буруутгасан байна.

Энэхүү шүүхийн нэхэмжлэл нь өнгөрсөн долдугаар сард OpenAI-ийн хиймэл оюуны агент туршилтын орчноосоо гарч, хиймэл оюуны нээлттэй сан болох Hugging Face платформыг хакердсан явдлын дараа гарч байна.

Калифорни мужийн Ерөнхий прокурор Роб Бонта хэвлэлийн мэдээлэлдээ: "Hugging Face руу хийсэн халдлага бол аюулгүй байдал, хариуцлагаас илүү хурдацтай хөгжил болон өсөлтийг урьтал болгодог OpenAI-ийн дотоод соёлын урьдчилан таамаглахуйц үр дагавар бөгөөд энэ нь мэдэгдэж буй 80 тохиолдлын ердөө нэг нь юм" гэж мэдэгджээ. Нэхэмжлэлд өнгөрсөн зургаадугаар сард OpenAI-ийн агент Австралийн засгийн газрын эрүүл мэндийн системийг хакердсан зэрэг бусад тохиолдлуудыг ч мөн жишээ болгон дурдсан байна.

Түүнчлэн Роб Бонта тус компанийн үйлдэл кибер аюулгүй байдлын бодит эрсдэлийг нэмэгдүүлж, нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сайн сайхан байдалд заналхийлсэн хэмээн онцолжээ.

Калифорни муж OpenAI-ийн энэ мэт үйлдлийг зогсоох шүүхийн шийдвэр гаргуулах, эдгээр үйлдлээр олж авсан аливаа өмчийг буцаан олгохыг шаардаж байгаагаас гадна хариуцагч тус бүрээс 2,500 ам.долларын иргэний торгууль нэхэмжилж байна.

Харин OpenAI-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ Hugging Face-ийн хэрэг явдлын үеэр гарсан алдаа дутагдлыг шийдвэрлэхийн тулд "өргөн хүрээтэй" ажил хийсэн гэж тайлбарлажээ.