АНУ-ын Калифорни муж улсад үйл ажиллагаа явуулдаг тоглоомын дэлгүүрт тун ер бусын, киноны зохиол мэт дээрмийн хэрэг гарлаа. Хяналтын камерт бичигдсэнээр, маск зүүж, нүүрээ халхалсан бүлэг этгээдүүд дэлгүүрт дайран орж, маш богино хугацаанд үнэтэй цуглуулгын картуудыг хамж одсон байна. Тэд нийт 15,000 ам.долларын үнэлгээтэй “Pokemon” картуудыг ердөө 39 секундэд хулгайлж амжжээ.

“Pokemon” бол 1990-ээд оноос эхлэн дэлхий даяар түгсэн алдартай анимэ болон видео тоглоомын цуврал юм. Үүнийг дагаад тусгайлан хэвлэсэн картууд нь цуглуулагчдын дунд маш өндөр үнээр зарагддаг бөгөөд ховор тохиолдолд нэг карт нь хэдэн арван мянган долларт хүрдэг байна. Энэ удаагийн дээрэмчид дэлгүүрийн хамгийн үнэтэй, эрэлт ихтэй картуудыг онилсон нь тэднийг энэ салбарын “хар зах”-ын талаар тодорхой мэдээлэлтэй байсныг илтгэж байна.

Орон нутгийн цагдаагийн газраас мэдээлснээр, гэмт этгээдүүд хэргийн газраас түргэн зуур зугтсан бөгөөд одоогоор тэднийг эрэн сурвалжилж байна. Хяналтын камерын бичлэг олон нийтийн сүлжээнд тархсаны дараа интернет хэрэглэгчид тэднийг алдарт “Team Rocket” бүлэглэлтэй зүйрлэн шоглож байна. “Team Rocket” нь Покемон цувралын гол эсрэг талын дүрүүд бөгөөд үргэлж ховор Покемонуудыг хулгайлахыг оролддог бүлэг юм.

Энэхүү хэрэг нь цуглуулгын үнэт зүйлс зардаг дэлгүүрүүдийн аюулгүй байдлын асуудлыг дахин хөндөж байна. Сүүлийн жилүүдэд “Pokemon” картын зах зээл хурдацтай өсөхийн хэрээр хулгай, дээрмийн хэрэг ч нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.